“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ЕТГ-ын Референт А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал, Хаанбанкны Жижиг, дунд бизнесийн банкны менежер Б.Эрдэнэсүрэн нарын албаны хүмүүс “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн Төв аймгийн Баянчандмань суманд байрлах дөрвөн улирлын хүлэмжтэй танилцлаа.
“Нэйшнл бизнес маркет” ХХК нь голланд технологиор баригдаж тоноглогдсон, жилд 150 тонн ногоо хураан авах хүчин чадалтай бүрэн автомат хүлэмж ашиглалтад оруулж 45 хоногийн өмнөөс шинэ өргөст хэмхээр нийслэлчүүдээ нийлүүлж эхлээд байна. Удахгүй улаан лоолийн шилэн хүлэмж болон ажилчдын байр ашиглалтанд оруулах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 5 жил орчим хийгдэж 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.