Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Төрийн банкны захирал Ө.Гантөр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлийн газрын дарга Ц.Болорчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөл Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Малын удмын сангийн үндэсний төв”-д ажиллаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Малын удмын сангийн үндэсний төв нь үр, азот, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрддэг.
Малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, Монгол Улсын 21 аймгийн малчид, фермерүүдэд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээ үзүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Сүүлийн үед Монгол малын чанар муудаж, бие жижгирч, ашиг шим багасаж, үүлдэр угсаа алдагдах эрсдэл буй болж байна. Тиймээс малын удмын санг хамгаалахад малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үржил, селекцийн талаарх мэдлэгийг сайжруулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар тус төвийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ үеэр мөн тус төвөөс Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан, тооноос чанарт шилжин бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян өрнүүлэх саналыг дэвшүүллээ.