Сүхбаатар аймагт ноос угаах үйлдвэр тун удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр туршилтаар ажиллаж буй бөгөөд хоногт 20-30 тонн ноосыг угаадаг аж. Улмаар угаасан ноосоо томоохон үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлжээ.
Тус үйлдвэр нь орон нутагтаа анхдагч төдийгүй ноос, ноолууран бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх томоохон ажлын эхлэл болж буй. Орон нутагтаа мах боловсруулах, малын гаралтай түүхий эд худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн гэгээн эрдэнэ хоршоо” өөрийн хөрөнгөөр тус ноос угаах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байгаа юм. Цаашид үйл ажиллагаа нь жигдрэхээр орон нутгийнхаа 40 орчим иргэнийг тогтмол ажлын байраар хангах, мөн угаасан ноосоо өөрсдөө боловсруулж, дотооддоо ноосон эдлэл үйлдвэрлэх зорилтыг ч тавьжээ.