Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эко эн си юу” ХХК болон “Монос косметик” ХХК хамтран монгол улсын зах зээлийг бүрэн хангах хэмжээний цэвэр органик буюу өөхөн тостой хатуу саванг монголдоо үйлдвэрлэхээр болж хамтарч ажиллах гэрээндээ гарын үсэг зурлаа.
“Эко эн си юу” ХХК нь хими технологич, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Б.Номинцэцэгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрбээр баялаг бүтээж өрх бүрийг эко хэрэглээгээр хангах зорилгоор 2018 оноос эхлэн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.
ikon.mn-ийн “Эко эн си юу” ХХК-ний захирал Б.Номинцэцэгтэй хийсэн өөхөн тостой савангийн талаар ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.
– Бүтээгдэхүүний орц найрлагаас яриагаа эхэлье.
– Бид монголдоо үйлдвэрлэл явуулж байгаагийн хувьд бүтээгдэхүүнийхээ 70 хувьд өөхөн тосыг ашиглаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүнд шаардлагатай стандартын дагуу өөхөн тосонд нэмэлт боловсруулалт хийн савангаа үйлдвэрлэдэг. Одоогоос 7,8 жилийн өмнө өөхөн тос хаягдал шахуу болчихсон байсан. Тус түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар тэр үед байгаагүй.
– Түүхий эдээ хаанаас хэрхэн цуглуулж байна вэ?
– Нэг үеэ бодвол тос боловсруулдаг үйлдвэрүүд маш их болсон байна. Тиймээс бид стандарт шаардлагыг хангахуйц буюу таван давхар шүүлтүүрээр шүүх зэргээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгож түүхий эдээ нийлүүлдэг үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг.
– Өөхөн тостой савангийн онцлог нь юу юм бэ?
– Өөхөн тос нь хүний арьсанд маш сайн шим тэжээл өгдөг. Тэр дундаа бид орц найрлагадаа түлхүү ямааны тосыг оруулах сонирхолтой байдаг. Учир нь ямаа ургамлын сорыг түүж иддэг амьтан учраас өөхөнд нь ургамлын шим тэжээл шингэдэг. Тэрхүү хүний арьсанд хэрэгтэй элементүүдийг агуулж буй өөхөн тосоор бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Манай улсын зах зээл дээр байгаа бараг ихэнх саван синтетик агуулсан байдаг. Түүнчлэн глицерин буюу арьсыг чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй найрлага байдаггүй.
Саван үйлдвэрлэгч том компаниуд савангаа зарахаас гадна савангаас гарсан глицеринийг өөр бүтээгдэхүүнд ашиглах зорилгоор тусад нь ялган авч ашгаа олдог. Гэтэл глицерин бол саванд байх ёстой үнэтэй орц найрлага.
Хүний өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүд урт хугацаандаа арьс, цусан судсаар дамжиж хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Тиймдээ ч бид савангаас глицеринийг ялгалгүй, арьсыг эмзэгшүүлэх, харшил өгөх элдэв химийн орц найрлага ашиглахгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Түүнчлэн Монос косметик ХХК-тай хамтарч гаргах саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ онцлог болж байна.
“Бид ямар ч нэмэлт химийн бодис ашиглалгүйгээр орц найрлага дээрээ тоглолт хийн органик аргаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон”
– Дийлэнх хүмүүс саван сайн хөөсөрч байвал илүү үйлчилгээтэй гэж ойлгодог.
– Бодит байдал дээр хир буртаг арилгаж байгаа зүйл нь хөөсөндөө байдаггүй. Синтетик савангууд усанд хүрэх төдийд л хөөсрөөд эхэлдэг. Энэ нь силикон агуулсан нэмэлт хөөсрүүлэгч бодис хийсэнтэй холбоотой. Тэрхүү хөөсрүүлэгч бодис нь яваандаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн судалгаанууд гарсан байдаг.
Бид үйлдвэрлэж буй органик савандаа ямар ч нэмэлт синтетик, хөөсрүүлэгч бодис ашиглалгүйгээр орц найрлага дээрээ тоглолт хийн аль болох органик аргаар хөөсрөлтийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон. Түүндээ ч хүрч чадсан гэж харж байгаа.
“Монос косметик” ХХК-ийн захирал Э.Дагвабаасансүрэн бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн талаар дараах зүйлсийг ярилаа.
– Манай улс дотоодын зах зээлээ бүрэн хангах хэмжээний саван үйлдвэрлэхэд боломж нь хэр байгаа вэ?
– Монос косметикийн хувьд дотоодын гоо сайхны зах зээл дээр олон ажлуудыг санаачилж хийж байгаагийн нэг нь энэ төсөл. Манай компани хоёр жилийн өмнөөс савангийн үйлдвэр байгуулахаар судалж эхэлсэн. Учир нь манай улсын савангийн дийлэнх хувь нь импортоор орж ирж байгаа. Тэдгээр савангууд нь синтетик гаралтай, химийн орц найрлага маш ихтэй байдаг.
Манай улсын хувьд дотооддоо саван үйлдвэрлэхэд түүхий эдийн хараат бус байх бүрэн боломжтой. Учир нь малаас хаягдан гарч байгаа маш их хэмжээний өөх тос бол савангийн гол түүхий эд байдаг. Тиймээс манай улсад савангийн зах зээл дээр маш том боломж байна гэж бидний зүгээс харсан.
“Саван үйлдвэрлэдэг ЖДҮ их болсон ч массын хэрэглээнд нэвтэрч чадахгүй байгаа учир дэмжиж ажиллахаар болсон”
– Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эко эн си юу” ХХК-ний үйлдвэрлэж буй саванг яагаад дэмжиж ажиллах болсон бэ?
– Сүүлийн жилүүдэд дотоодын зах зээл дээр саван хийдэг жижиг дунд үйлдвэр болон хувь хүмүүс маш их болсон. Гэхдээ эцсийн дүндээ бүтээгдэхүүн нь массын хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна. Энэ нь маш олон асуудлуудаас хамааралтай. Үйлдвэрлэл явуулах, борлуулалт, маркетинг хийх зэрэг олон ур чадварын үндэс дээр аливаа бүтээгдэхүүн олны хэрэглээнд нэвтэрч чадна. Монос косметик компанийн зүгээс савангийн зах зээл дээр масс хэмжээнд үйлдвэрлэх боломж, хүчин чадал, туршлагатай үйлдвэрийг хайж судалсны дүнд уг компанийг сонгосон.
Учир нь “Эко эн си юу” ХХК нь автомат үйлдвэрийн шугамаар саван үйлдвэрлэдэг, түүнчлэн савангийн технологи буюу малын гаралтай өөх тосыг боловсруулж саванжуулаад импортын бүтээгдэхүүнээс дутахааргүй чанартай саван үйлдвэрлэж байсан нь таалагдсан. Үүн дээр нь суурилж бидний зүгээс уг компанитай хамтран “Санитас” брэнд дээрээ хатуу саван гаргах шийдэлд хүрч цаашид өрх бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төслөө эхлүүлж байна.
– Хэдэн нэр төрлийн саван гаргаж байгаа вэ?
– Хүүхдийн, алоетой болон энгийн гэсэн гурван төрлийн саван гаргаж байна. Энэ саванг үйлдвэрлэж дотоодын хэрэглээнд нэвтрүүлснээр маш олон төрлийн давуу талууд гарна.
“Гоо сайхны салбар дахь каластр төслийн том жишээ болж байна”
– Төслийн цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
– Олон улсад гоо сайхны зах зээлийн хөгжил нь кластер хэлбэрээр хөгжсөн байдаг бөгөөд үүний жишгээр манай хоёр компани хамтарч саван үйлдвэрлэх болсон нь каластрын нэг жишээ болж байгаа юм. Малаас авсан өөхөн тосыг боловсруулаад гаргаад ирдэг нэг үйлдвэр, тэр түүхий эдийг нь ашиглаад саван хийж түүнийг нь Монос косметикс худалдан борлуулж байна. Тиймээс энэ төсөл гоо сайхны салбарт хийгдсэн амжилттай каластр төсөл болно гэж харж байгаа.