Говь-Алтай аймаг Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт хангах хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой Ургацын баярыг 2023 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Алтай хотод зохион байгуулна.
Тус аймгийн хувьд “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Дээрх хөтөлбөр үр шимээ өгч эхэлсэн бөгөөд Тайшир, Бигэр сумын агропаркад хүнсний нарийн ногоо тарьж, ургацаа хурааж байна. Мөн сумдад тарьсан жимсгэнийн моднууд жимсээ өгч эхэллээ.