АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган эхэлсэнтэй холбогдуулж Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагааны талаарх танилцуулгыг хүргэж байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 онд 101 дэх гишүүнээр элссэн. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл болсны зэрэгцээ манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм.
Манай улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж ирсэн. Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын ЕА-гаар хэлэлцүүлж батлуулсан. Эдүгээ манай улс дараах 5 тогтоолыг санаачлан, НҮБ-ын ЕА-гаар 2 жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:
- “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
- “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
- Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”,
- “Бичиг үсгийн боловсролын тухай”,
- “Ардчиллын боловсролын тухай”.
НҮБ-ын Төв байрны гадаа Монгол Улсын алтан соёмбот тугаа өргөн мандуулав. 1961.10.28. Нью-Йорк
Монгол Улс 2026 оныг “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ээр зарлуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулав. НҮБ, түүний системийн байгууллагуудын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нэг хэлбэр нь удирдах байгууллагад сонгогдон, гишүүнээр нь ажиллах явдал юм. Манай төлөөлөгч НҮБ-ын ЕА-н чуулганы орлогч даргаар 7 удаа, олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхэлсэн I хороо, эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн II хороо, нийгмийн хөгжил, хүний эрхийн асуудал эрхэлсэн III хороо, улс төрийн тусгай хороо (IV хороо), хууль эрхийн асуудал эрхэлсэн VI хороо, Зэвсэг хураах комиссын даргаар тус тус сонгогдон ажилласан.
Одоогийн байдлаар манай улс дараах байгууллагад сонгогдон ажиллаж байна. Тухайлбал,
- НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (2020-2024),
- НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (2021-2024),
- ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын болон Статистикийн хүрээлэнгийн удирдах Зөвлөлийн гишүүн (2021-2025),
- НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Үйлдвэр хөгжлийн зөвлөлийн гишүүн (2022-2025),
- Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын гишүүн (2022-2026)-ээр сонгогдон ажиллаж байна.
- НҮБ-ын Олон улсын эрх зүйн комисс (ILC)-ын гишүүнээр 2023-2027 онд ажиллаж байна.
Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ чухал түлхэц үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд манай улсад НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, системийн болон төрөлжсөн байгууллагын удирдлага, тухайлбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр (1977), Курт Вальдхайм (1987), Кофи Аннан (2002), Бан Ги Мүүн (2009), Антонио Гутерреш (2022) нар айлчилсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн айлчлал нь Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болсон юм. Айлчлалын гол зорилго нь Монгол Улс, НҮБ-ын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцоход чиглэв. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалын үеэр НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулахыг Улаанбаатар хотноо байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сарын 08-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон 2022 онд НҮБ-ын ЕА-н 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй тус тус хоёр талын уулзалт хийсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтэд оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзаж байв.
Монгол- НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээ
Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа манай улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг олон чиглэлд амжилттай хөгжиж байна. НҮБ, түүний системийн байгууллагуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь 5 жил тутамд баталдаг “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн дагуу хэрэгжиж ирсэн. НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г 2022 оны 5 дугаар сард баталж, ирэх таван жилийн хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хүний хөгжил, сайн сайхан байдал, ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэж тодорхойлсон юм.
“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь үндэсний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжилтийг эрчимжүүлэх, манай улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн дэвшүүлсэн НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөгжлийн системийн нэгдсэн удирдлага зохицуулалтыг сайжруулах санаачилгын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрыг Улаанбаатар хотноо 2019 онд байгуулж, Суурин зохицуулагчаар Энэтхэг Улсын иргэн Тапан Мишра томилогдон ажиллаж байна.
Кот д’Ивуар Улсын Абижан хотноо 2022 оны 5 дугаар сард болсон талуудын 15 дугаар бага хурлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсан. Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд 2024 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагчаар сонгогдон ажиллаж байна.
Энхийг сахиулах ажиллагаа
Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирэв. “НҮБ-ын байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хоорондын Харилцан ойлголцлын тухай санамж бичиг”-т 1999 оны есдүгээр сарын 27–нд Нью-Йорк хотноо өдөр гарын үсэг зурснаар Монгол Улс НҮБ-ын ЭСА-нд оролцох олон улсын эрх зүйн үндэс тавигдсан.
Монгол Улс анх 2002 онд БНАКонгоУ дахь НҮБ-ын ЭСА-нд хоёр цэргийн ажиглагч илгээн, 2006 оноос НҮБ-ын ЭСА-нд цэргийн багаар оролцож ирсэн. Энэ оны тавдугаар сарын байдлаар 31-ний байдлаар Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 893 цэргийн алба хаагч оролцуулж, цэрэг илгээгч орнуудын жагсаалтад 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улс НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохиосон бөгөөд ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.