Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Архины тайлбар

“Хүнсний хувьсгал”-даа архичдыг татан оролцуулж, тэднээр ажил эрхлүүлж, хүн дүрсэнд нь оруулах тухай адтай бодол надад лав төрдөг. Тиймдээ ч xэргээр хөндье гэж бодож төлөвлөж бичсэн нийтлэлээ толилуулъя!

Архинд зориулсан 10 гаруй жилийн (хэдэн ч жил байж болно, Монголд) амьдралаа нөхөж яваа гавьяат тэр гуай, алдарт тэр гуай гэх мэт сэхээтэн, урлагийн, оюуны хүмүүсийг мэддэг таньдаг учраас хэргээр нийтлэл болгож байгаа хэрэг шүү дээ.

Энэ архи. Үндэсний аюулгүй байдалд маш том аюулын харанга! Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх гэдэг нь Монголын ТӨР-ийн бодлого арай ч биш байгаасай!

Нэгэн уулзалт санаанаас ер гардаггүй ээ. Зургаан жилийн өмнөх юм. Нийслэлийн Засаг дарга (Су.Батболд) өөрөө албатуудаа дагуулж ирээд ярьсан хэлсэн учраас би ТӨР рүү зориглон аваачиж наахаар шийдлээ. 2017 оны эхээр шиг санагдана. Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн (baabar.mn сайтад нэгдэж ажилладаг) нийтлэлчдийг УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ урьдаг юм аа. Хотын хөгжил энээ тэрээ гээд баахан слайд үзүүлэн танилцуулга хийв ээ. Араас нь асуулт залгалаа. Тэд ч боломжоороо хариулж байна.

Би хэргээр асуулаа. Энэ их архичдаа хотын захиргаа яах гэж байна, алийн болгон архичдыг ард түмэн тэвчих юм, Та нарт ямар бодлого байна гэлээ. Хотын дарга өөрөө хариулсангүй, харьяа нэг чухал хэлтсийн даргаа яриуллаа. Нэрийн хуудас нь надад байна. Нэр усыг нь хэлэхээ азная. Одоо тэр нөхөр лав тэндээ байхгүй байх.

ЗДТГ-ын хэд хэдэн дарга хамсан хариулах гэж оролдлоо. “Баярхүү гуай, Баярхүү ах аа, Та ойлгох хэрэгтэй” гэж байгаад л өрөвдөлтэй (бүр үхээнц!) тайлбар хэлцгээв ээ. 

Юу гэсэн бэ гэхлээр, нийслэл дэх архичдыг Хотын захиргаа сайн мэдэж байдаг гэнээ. Хороо хориндоо ихэнх нь бүртгэлтэй, хэдэн зуун архаг архичин засрал авахгүйгээр байж байдаг гэв. Бид мэдэж байна, бүгдийг нь мэдэж байна, Цагдаа ч тэднийг сайн мэдэж байгаа гээд л ам амандаа бувтнана.

Мэдээд мэдээд яадаг юм гэж би асуулаа. Хариулж байна аа. Хааяа хааяа тэднийг бөөнөөр нь баривчлан саатуулах явдал гардаг гэлээ. Цагдаа тэр ажлаа сайн хийчихдэг гэлээ. АСЕМ-ын уулзалтын үеэр тэднийг албадан саатуулж хотоос гаргаж бөөгнүүлээд дараа нь сулласан гэх мэт. Өвлийн хүйтэнд осгоод үхчих вий гээд цагдаа, эмнэлэг хоёр хамтран ажилладаг гэж байна. Зохион байгуулж байгаа ажлаа дурдаад л байна. Их л ажил хийдэг бололтой юм ярилаа. Эрүүл мэндийг нь л яриад байна, цаана нь ёс суртахуун, нийгмийн дэг журам, нийгмээ доромжилдог, сахилга бат, ариун цэвэр, ахуйн соёл гэх ганц ч үг өгүүлбэр олж сонссонгүй.

Асуулаа. Тэгвэл яагаад архичид амь бөхтэй, харин ч тоо толгой нь өсөөд байгаад байдаг юм бэ? Хариулт нэг л биш ээ. Харин ч өрөвч хүмүүнлэг тал руугаа хариулт хэлбийлээ. Баривчлаад хорьдог, ганц хоёр хонуулаад тавьж явуулахгүй бол хоригдсон газраа шууд үхчихдэг, эсвэл бие нь муудчихаад сандаргадаг тул дур зоргоор нь гадуур архидуулж байхгүй бол болохгүй гэж хэлэх шиг дуулдав. Архиа уухгүй бол үхчихдэг, үхээд гай тарьдаг, үхүүлж байхаар гудамж зээлд нь сул тавиад архийг нь уулгаад амьд явуулж байгаа нь хүмүүнлэгийн үйлс шахуу юм хэллээ. Нинжин сэтгэл рүүгээ хэлбийгээд явчихлаа.

Хүлээж авах газар олддоггүй л гэнэ, гэр бүл гэж байхгүй л гэнэ, эмнэлгүүд бараг бүгд архичдын өмнө хаалгаа барьсан л гэнэ, Цагдаа мэдэж байдаг, хараа хяналтаасаа гаргахгүй, хотын захиргаа бас мэдэж байдаг, үхүүлчихгүйн тулд сул чөлөөтэй архидуулаад явуулдаг, тэднийг тэгсхийгээд байлгаж байхаас өөр арга алга, Та ойлгооч дээ гэх нь тэр. Хариулт нь ердөө энэ.

Гоё хариулсан байгаа биз? Үүнд чинь эцэс төгсгөл гэж байна уу? Манай Монголыг, Монголын нийгмийг, Нийслэлийг маань муухай харагдуулаад тэд чөлөөтэй архидаж байх ёстой юу гээд шалгаах тусам “Үхүүлчихгүйн тулд архидуулаад явуулж байхаас өөр арга байхгүй!”, “Ямар ч гарц хувилбар байхгүй!” хэмээн шууд л миний амыг таглав. Гол хариулт: Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх! Дүгнэлт: Монголын төр архичдынхаа эрүүл мэндийн манаанд баттай зогсож байдаг юм байна, архийг нь уулгаад, толгойг нь илээд! 2017 оноор авч ярьж байна шүү.

2017 оноос хойш Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ хэд хэд солигдлоо. Архичидтай тоймтой тэмцэл явуулж ялалтад хүрлээ, амжилттай тэмцэж байна, үр дүн нь энэ байна гэсэн тайлбарыг ард иргэд маань олж сонсоогүй өнөөг хүргэлээ. Эсвэл би сонсоогүй, уншаагүй өнгөрчхөв үү? Архитай амжилттай тэмцээд байгааг нь би харалгүй өнгөрчихсөн бол ёстой далан таваар бууж өгсүгэй! Томоос том уучлалт гуйя.

2017 оноос хойш 6 жил дурайтлаа өнгөрчихжээ. Нийслэл хотын гэр хороолол, хотын зах хавьд архичдын бөөн сүрэг бэлчээстэй. Аймаг сумын төвүүдэд тэр гэх тэмдэгтэй архаг гавьяат архичид бас ярайж байдаг гэсэн. Тэднийг бор шувуу, болжмор, бөбө гэх мэт өхөөрдөн нэрлэнэ. Тэд өвөл зунгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй архины мөнгө, архины хамтрагч хайн сүрэглэн зогсоно. Тэдний биологийн цаг нийтэд тодорхой, хот хөдөө ялгаагүй. Архи нь толгойноос гараад шартаж үхэхдээ тулсан нөхөр үүр шөнөөр хэвтрээсээ босоод гудамжинд гарна. Өглөө ажил цуглахаас өмнө тэд л гудамжны чимэг болон зогсоцгооно. Ажил цуглах үеэр дэлгүүр онгойно. Гуйлгаа гуйж эхэлнэ. Хүн танина гэж жигтэйхэн. Шууд дээрэм хийх чадалгүй болцгоосон. Зуун цаас, хоёр зуун цаас, хэд ч байсан голохгүй. Бөөгнүүлж байгаад “нөгөөх”-өө авч ууцгаана. Өдөр шал согтуу, гэхдээ хамгийн аз жаргалтай сүрэг хүн. Үдээс хойш согтоод ухаан алдаад унана. Хот, дүүргийг муухай харагдуулан энд тэнд ундуй сундуй унтаж байна. Хэн ч тоохгүй. Цагдаа бүр ч тоохгүй. Өвөл бол осгож үхүүлэхээс сэргийлээд нэг тийш аваачдаг бололтой. Унтаж унтаж шөнө дунд сэрнэ. Толгой нь хага үсрэх шахна. Үүр шөнөөр ээлжит ажилдаа гарна. Хорин дөрвөн цагийн хэмнэл нь энэ.


Төр засаг, УБ хотын ЗДТГ, Цагдаа, эрүүлжүүлэх тэднийг сайн мэдэж мэдэрч байвч амьд явуулах хүнлэг үүргээ ухамсарлан нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлнэ. Зовлонг нь архичдыг тойруулсан дэлгүүр, дэлгүүрт үйлчлүүлэгсэд, архичдын ар гэрийнхэн, орцныхон, хамар хашааныхан үүрнэ. Амьд яваасай хөөрхий минь гэж байгаа нэг ч хүн үзээд өгье гэхнэ байхгүй. Бүгд л үхэж далд ороосой гэх ганцхан хараалтай (ерөөлтэй). Aлвaл таарна гэх хараал бишгүй дээ л сонсож байна. Уншигчид ч бишгүйдээ сонсоо байлгүй.

Манай улсын насанд хүрсэн иргэдийн 4-хөн хувь нь цоо эрүүл хэмээн НЭМҮТ-ийн ерөнхий захирал доктор Д.Нарантуяа гэх бүсгүй “Ковид ба архаг суурь өвчин” сэдвээр ярихдаа дэлгээд тавьчихcaн. Нууцлах мэдээлэл байсан байж болно. Насанд хүрсэн монгол хүн амын маань 96 хувь нь өвчтэй болж таарлаа! Ингэж миархад архины оролцоо (хувь нэмэр) мөн ч их байсан байж таарна даа!

Төрийн өгөөмөр хараа хяналт дор оршдог, ядаж архины мөнгө гуйх нүүртэй архичдын (танагтай нь) тухай би энд ярьж байна. Харин хог ухдаг, гуйлга гуйдаг, хүн гэж нэрлүүлэх гавьяагүй болчихсон золбин тэнэмэл түг түмэн хүний (танаггүй нь) тухай яршиг цаашаа гээд орхилоо. Буянаараа болог. Тэдэн дээр Монголын төрийн хараа хяналт (ядаж зохицуулалт) илт үгүйлэгддэгийг иргэд бухимдан ярих юм билээ. Би бас хошуу нэмчихье. Золбин тэнэмэл иргэдийг үхүүлэхгүй нь Төрийн үүрэг байлаа гэхэд мөнх наслуулж (33 жил оршин тогтножээ!), нийгмээ муухай харагдуулж, нийгмээ доромжлуулж байх нь бас Төрийн үүрэг үү?

Дэлгүүр хоршоогоор нэг ярайсан олон төрлийн архи манай эдийн засагт нэмэр болдог, улсын төсвийг архины үйлдвэр ба худалдан авалтаар бүрдүүлдэг гэх хуучирсан, тэнэг ойлголтоосоо төр-засаг, эрх баригчид минь салах цаг болсон. Эдийн засагт, төсөвт нэмэртэй гээд Монголын эрдэнэт хүний амийг хэдэн зуу, хэдэн мянгаар нь золиосолж чимээгүй үхэл рүү нь түлхэх чинь хүнлэг үйлс мөн үү, төсвийн санхүүчид ээ? Энэ асуултыг Улаанбаатар хотын шинэ дарга хуульч Х.Нямбаатар болон аймаг сумдын дарга нарт бас тавья. Хариултаа нэхнэ шүү!

Архичдыг нийгмээсээ шахан зайлуулах арга замыг би зөндөө бичсэн дээ. Дахиад л улиглая. УИХ-аар яаралтай хууль баталъя. Архичид архидаж болно. Өндөр татвар төлөөд архидаг. Энэ тухай хууль. Юун татвар вэ гэвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас нийгэм ба гэр бүлдээ архины хар энерги цацаж байгаагийнх нь төлөө төрөөс авах татвар. Татвар төлж чадахгүй гэвэл архинаасаа гар. Хоёр л зам байна, тэдний хувьд. Архитайгаа хамт явах бол татвар төлж байж яв, татвар төлөхгүй, төлбөрийн чадваргүй гэж байгаа бол архинаасаа үүрд гар. Хөөрхий тэд ямар татвараа төлдөг юм гэж ам асуух хүн зөндөө олон. Ганц л хариулт: Тэднээс татвар авч улс баяжих гэсэн асуудал биш, тэднийг архинаас бүрмөсөн гаргах асуудлыг л хатуу тулгаж байна. Тэгж тулгахгүй бол оройтлоо!

Бас нэг арга байна. Архичдыг “бөөнөөр хорих лагерь”-т бөөгнүүлэн төмөр торон хашаанд нь хүнсний хувьсгалын бүтээн байгуулалт хийлгэе. Дан хүнсний ногоо, малын тэжээл. Хүн бүрд данс нээж хөдөлмөрийг нь үнэлэн, мөнгөн хуримтлал буй болгоё. Засралын хэмжүүр, хугацаа заая. Архинаасаа бүрмөсөн гараад, ажлаа гялалзуулбал мөнгөн хуримтлалыг нь өгөөд суллая. Нийслэл ба аймгуудад тийм эрхийг нь өгчихвөл, хүнсний ногоо, гахай тахиа, өөр юу ч юм нэмж болно. Санаснаараа өлхөн хийчих ажил шүү дээ! Гадаадаас импортолдог хүнсний ногооныхоо ихэнхийг тийм “бөөнөөр хорих лагерь”-т үйлдвэрлэчхэж болохоор харагдаад болдоггүй ээ, намайг өршөөгөөрэй!

-о0о-

НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Архины тайлбар
Хэл солих
Мэдээлэл хайх