Улс даяар “Хүнсний хувьсгал” өрнөж байгаа энэ цаг үед арай өөр өнцгөөс, хийж бүтээснээ бүү үрэн таран болгочхоосой, хийх бүтээхийн хажуугаар идэш уушаа зөв боловсон тохируулаач ээ, хүнсний аюулгүй байдлаа дээдлээч ээ хэмээн уриалсан нийтлэлээ хүргэе. Хүлцэн уншаарай!
Номын садан нэртэй нанхиадч Ц.Сүрэнжавын маань ийм нэгэн бүтээл миний ширээний ном болоод удаж буй. Тэр номын энэ нэг хуудсыг тогтож уншина уу. Монголчууд ганцхан ажлыг сайн хийгээд сурчих гэжээ. Тэр нь иддэг хоол хошоо сайн боловсруулж, зөв эрүүл хооллохыг нь хэлчихсэн бололтой. “Ганцхан сайн ажил” гэдэг нь хүнс–хоол хүнс юм гэнэ, хятад хүний нүдээр. Энэ ҮНЭН ҮҮ?
Хятад эмч мөн хоржоонтой (хорлонтой, гэвч үнэн!) хэлсэн байгаа биз? Олон мянган жил оршин тогтнож, бас найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар сийлж явсан ард түмэн хоол ундаа зөв хийгээд идчихэж чаддаггүй, тэгээд хоолны хордлогоос үүдсэн олон төрлийн өвчнөөр гаднын эмнэлгүүдийг санхүүжүүлээд, олсон зөөснөө бүгдийг нь эмчилгээнд үрдэг, яг л зөв хэлсэн байна. Хятадын эмнэлэгт (цаашаа Өмнөд Солонгос, Тайланд, Энэтхэг, Сингапур, өөр маш олон улсыг нэрлэж болно) ингэж их мөнгө цутгаж байхаар тэр мөнгөөрөө хоолоо зөв боловсруулаад идээд сурчих л гэсэн байна. Юу нь буруу байгаа юм бэ?
Хүнс тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг, бүтээдэг болсон монголчууд минь хятад эмчийн зөвлөгөөнд бүү эмзэглэ. Хийж бүтээлээ гээд дараа нь хоол хошны асуудлаар эмнэлгийн хаалга татаад баймааргүй байна. XXI зууны соёлжсон энэ цаг дор түүнийгээ гээчих.
Хоол нь ямагт хор болдог сонгодог жишээ болсон МОНГОЛ НАЙР-ын тухай олон жилийн турш би бичиж ярьж, ухуулж ирсэн дээ. Хайр найргүй идэж уудаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг цикл одоо ч яваад буй зураглалыг дор дүрсэлнэ.
Монголчууд тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, бас хүнсээр өөрсдийгөө 100% хахтал нь хангачхаагүй байна. Монголчуудын олонх нь хоног тоолж өл залгаж яваа хэвээрээ. Дөнгөн данган дэвжин дээшлэх нь үү гэтэл Цагаан сар, зун намрын их найранд олсон зөөснөө гөвөөд бардаг гашуун жишээ олон (бүр маш их) байна. Гол нь ингэж их цаг зав гарздаж хонон өнжин найрлах дайлах шаардлага байна уу, өөр хийх ажил алга уу гэж харуусмаар, амаа асуулгамаар санагддаг. Ийм их найр наадам дунд монголчууд умбаж, гаднын зочид гийчдийг гайхшируулах нь ямар учиртай юм бэ?
1) Эдийн засгийн талаас нь тооцвол зуны дэлгэр цагт олон хонь төхөөрч (бараг зочин ирэх тоолонд), ууц тавьж, ширээ дүүрэн зайгүй чихэр боов ааруул өрж, зочин ирэх тоолонд хоол хийж, архи задалж, тогоо нэрж, хөхүүр хөхүүрээр айраг юүлж, илүү гэртээ шартагсдыг тойлж, адаглаад олон хоногоор гал өрдөж, тог шатааж, ундны ус урсгаж байх нь бодит гарлага биш гэж үү? Цомхон, төсөрхөн ёслоод найрлаад салж болдоггүй улс уу, бид чинь? Ингэж их найрлахдаа өр тавьсан, олсноо барсан, мөнгөөрөө шатсан нь захаас аван мянга түмээрээ бий шүү.
2) Сэтгэхүйн талаас нь шинжвэл зочноо бялууртал нь дайлж (идүүлж), үхтэл нь шахаж согтоож, онхолдуулж аваад буцаах нь эрийн хийморийн хэрэг бололтой. Ерөөсөө ингэж их найрлах нь нэр төр, бэлгэ дэмбэрэл, нийгэмд эзлэх байр суурь, худуудтайгаа мөчөөрхөх, танил талдаа ихэрхэх томрох гол хөшүүрэг нь юм уу гэлтэй үхэлдэн уралдацгаах. Нэг үгээр нэр төрийн их үйлс бололтой. Гол нь найрлуулагч маань өнчин ядуу байна уу, өртэй байна уу, тэр падлийгүй, хэд хоногийн найр даах бэлтэй бэнчинтэй, лут баян хүн болж бусдад харагдах хэрэгтэй. Харилцан өгөлцөж авалцах бэлгэн дунд чухам л өглөгчийн дүрд хэд хоног сайн тоглож авъя гэсэн шиг гэрийн эзний пээдийх нь жинхэнэ монгол эрийн төрх гэлтэй.
3) Эрүүл мэнд-биологийн талаас нь дүрсэлбэл хүний нэгэн бие махбод яаж шингээдэг юм гэмээр ой гутам, огиудас хүрэм зүйл бишгүй нэг. Адаглаад зочин бүр литрийн том хулаар айраг гурван удаа, араас нь том гарын мөнгөн аягаар шимийн архи гурван удаа, араас нь жижиг мөнгөн аягаар орос архи (цагаан архийг хөдөө тэгж нэрлэнэ) гурван удаа, эсвэл солбиулж хөнтрөх найрын хатуу дүрэмтэй. Бас ч үгүй сүүтэй цай, өөхтэй мах, ууцны мах, бууз, банш, шөл, зууш хүртчихээд байгаа, дээрээс нь энэ их архи айргийг оруулна гэсэн үг. Нэг сав руу (хүний ходоод) ар араасаа гулган орж буй энэ их идээ ундааны химийн найрлагыг аваад үзэхэд нуль хор байна. Бараашиг, пиво, дарсыг тооцолгүй, зөвхөн монгол найрын дарааллын архи тэргүүтнийг дээр нэрлэлээ. Олон хоног ил, ширээн дээр хадгалсан ууцны өөх мах үнэр ороод ирэхээрээ Таны гэдэс ходоодыг алж өгмөөр санж. Гэтэл монголчуудын ходоод тусдаа, маш дархлаатай гэж монгол найрын дүрэмд үздэг бололтой.
4) Ахуйн талаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг ёстой нэг төрөл арилжуулчхав уу гэлтэй. Таныг явж ороход шинэ шаазан, жүнзэнд айраг, архи хийж өгнө гэж гонжийн жоо, учир нь тийм ёс Монголд байхгүй. Таны өмнөх зочин ууж байгаад дутуу орхисон байх ба тийм дутуу орхисон айраг архи ширээ дүүрэн өрөөстэй. Захаас нь аваад сэлбээд Танд барих вий. Архи, шимийнх алин болохыг сөнө түшигч нь амсаж мэдээд дээрээс нь аягалах бол ердийн үзэгдэл. Бүү сэжиглээрэй. Учир нь цагаан идээ, идээний дээж архийг асгадаггүй, асгавал муу ёр гэсэн монгол заншилтай тул хэн нэгний уусантай нийлээд хэд хэдэн хүний (хэдэн ч хүн байж болно) шүлс холилдоод ходоод руу чинь орж явчихна гэсэн үг. Шүлсээр юу юу халддаг билээ, тэр ч дүүрч, халдварт шар, гэдэсний өвчин үүсгэгч нян, энэ тэр гэвэл Та монгол айлын найр руу бүү зүглэ. Архи, айрагт пологтсон улсын бөөлжис дан жорлонгийн хоолойгоор явдаг гэж бүү эндүүрээрэй. Дэргэд чинь бөөлжих бол ердийн үзэгдэл, эхнэрүүд хэл үггүй цэвэрлэчихнэ. Ялаа батгана шавсан найрын ширээ, тамхины цэнхэртсэн утаа, угаадас, аяга шанага нь нэг дор холилдоод, согтуу хүмүүсийн орилоон, найрын дуу, сөнө түшигчдийн шахаан нийлээд ариун цэвэр гэдгийг ёстой улан дороо хийсэн шиг хийнэ вий.
5) Энэ их найрын хувцас хунар, гоёл гэж бас нэг тээртэй юм байна. Ялангуяа зуны энэ их халуунд заавал ёс мэт үйтэн хуар, эсвэл торгон дээл, үйтэн хуар хантааз, монгол гутал, ковбой шляпан эсгий малгай өмссөн байх, хосоороо тэгж хувцаславал бүр ч ланжгар. Тэр их тээртэй хувцас, шахааны архи, бүгчим халуун нийлээд цаад хүн яаж тэсдэг юм, босож болохгүй, гарч явж болохгүй, нэг суудал дээр шахуулаад, төсөөлөхөд дотор эвгүйцмээр. Тамхилдаг хөөрөг том бага, хөөрөгний даалинд бас их учир байх шиг. Бас л нөгөө нэр төр, мөчөөрхөл явж байх шиг.
6) Нэгэнтээ ярилцах мэтгэлцэх юмаар маруухан, ерөөсөө найран дээр ярилцаж болохгүй дүрэмтэй, зөвхөн дуулж, шахуулж, дуу сонсох үүрэгтэй тул олон цагийн дуу хуур найрлагчдыг чухам залхаахаар юм шиг. Гэвч монголчуудын олонх нь түүнээс залхдаггүй онцлогтой. Яасан ч их цаг зав, сөөж өгдөггүй дуу хоолой, барагдашгүй дуу хуур вэ гэж гадаадынхан алмайрдаг байх даа.
7) Найраас хамгийн их хохирдог нь гэвэл балчир үрс маань байна. Тэд сурах мэдэх, тоглох наадах алтан цагаа согтуучуудын хэдэн өдрийн найран дунд, тамхины эхүүн утаан дотор өнгөрөөж байна. Найрын эзний өглөгч зан хөдөлж чихэр жимсийг бялууртал нь идүүлснээс хоолны хордлого энүүхэнд, үр хүүхдийнхээ амь насыг дэнчинд тавьсан тохиолдол бишгүй. Цагаан сарын үед түргэний дуудлага ихэсдэгийн нэлээдийг хоолны хордлого эзлэх ба хүүхдүүд олон очдог. Нялхаасаа найр, найрын жаягт дассан хүүхдүүдээс ирээдүйд эрдэмтэн, сэхээтэн бол гэж албадах нь зүйд үл нийцэх бус уу?
Хайр найргүй идэж уудаг, цулайтлаа хайр найргүй дайлуулдаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг, тэгээд хятад, солонгосын эмнэлэгт хайр найргүй мөнгөө цацдаг цикл!
Xүмүүн төрөлхтөн XXI зуунаа алхчхаад даруй эхний 23 дэх жилээ үдэж явахад зэрлэг нь цэнгэл болж, найр наадам, дуу хуур, урлаг, найрагтаа живж, мөнгөө зүв зүгээр гөвж, тэгээд хөгжлийн хоцрогдлын туйл болж яваа улс үндэстэн манай Монголоос өөр дэлхийд хэд бий бол? Тоолоод үз дээ. Лав ихгүй дэг ээ!
Эцэст нь учирлахад, Ерөнхийлөгч маань “Хүнсний хувьсгал”-д уриалаад нийгмээсээ дэмжлэг хүлээгээд байна. Санаж сэдэж буй, зөв эхлэлтэй олон ажил өрнөж байна. Хувьсгалын нэг гол уриа нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал юм шүү дээ. Хүнсний аюулгүй байдалд (цаанаа бол монгол хүний эрүүл мэнд!) шууд хамаатай энэ буруу зуршлыг одоо л хөндөж тавихгүй бол болохгүй байна! Хүлцээрэй, сэтгээрэй!
-о0о-
НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ
unshlaa. Chuham uneng bichzee.