Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Завхан баялаг” хувьцаат компанийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Л.Юра нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажилд хичээнгүйлэн зүтгэж, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, аймгаа өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.
“Завхан Баялаг” ХК нь Завхан аймгийнхаа хөрсөнд ургасан чацаргана жимсээр хийсэн дарс, ликор, өтгөрүүлсэн шүүс, чанамалууд үйлдвэрлэж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах их үйлст олон жил тасралтгүй хувь нэмрээ оруулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Төрийн дээд цол хүртсэн баялаг бүтээгч Лавагийн Юра, “Завхан Баялаг” ХК-ийн хамт олонд баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.