- – Ганц уул уурхай шүтэхээ боль!
- – Хүнсний үйлдвэрлэл гэж том уурхай байна!
- – 1910 оныг эргэж сануулъя!
Сан хөмрөг бүрдүүлдэг механизмынх нь шинж төрхөөр “Эдийн засаг” хэмээх энэ том ойлголтыг “Мэдлэгт суурилсан”, “Байгалийн баялагт суурилсан”, “Ашигт малтмал олборлолт түшиглэсэн”, “Хөдөө аж ахуй түшиглэсэн”, “Мал аж ахуйгаар суурилсан”, “Газар тариалангаар суурилсан”, “Дэд бүтэц-зам тээврээр суурилсан”, “Yйлчилгээний аж үйлдвэр” гээд олон янзаар ангилж болно. Энд би эхнийх буюу “Мэдлэгт суурилсан” гэдэгт нэн их ач холбогдол өгдөг хүн. Гэвч бас дуугүй байхгүй ээ. Гадаад зах зээл үе үе хэцүү болдог, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл нөлөөлдөг эрсдэлтэй уул уурхайг уухайлдаг хүн би бас биш.
Маниас гадуур маний хувь заяа шийдэгддэг!
Саяхны түүх. Австралид төвтэй BHP Billiton хэмээх уул уурхайн том компани Монголд үйл ажиллагаа явуулж байв. Тэр компани монголчуудад танил болоод буй Rio Tinto компанийг 150 тэрбум ам.доллароор худалдан авах санал олон жилийн өмнө тавьж байсан. Саналд нь Rio Tinto ч татгалзсан хариу өгсөн байх. BHP Billiton нь Rio Tinto–гийн тухайн үеийн байдал, хөрөнгө, ирээдүйг хэт доогуур үнэллээ гэсэн шүү гомдол явж байсныг би олж уншсан санагдана. BHP Billiton–ноос дараахи үндэслэлийг тавьж байжээ. Yүнд уул уурхайн энэ хоёр лут компани нийлснээр нийт 350 тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийд монопол компани болж, дэлхийн нүүрс, ган, төмрийн болон зэсийн нөөцийн бараг гуравны нэгийг атгана, монопол компани болбол ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой, менежмент, маркетинг, зар сурталчилгаа гээд зардлын хэмнэлт хэдэн тэрбумаар, нийлж ажилласны ашигт бараг 30 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигчдээ хуваарилах боломжтой, нэг улсад хоёр компанийн төлөөлөгчийн газрууд зэрэгцэн ажиллаж, ашигт малтмалын нөөцүүд нь нэг газарт төвлөрч хамтарч олборлодог, аль алин нь Австралид төвтэй, Их Британид бүртгэлтэй, Нью-Йорк болон Лондоны бирж дээр хувьцаагаа арилжаалдаг гэхчлэн бичсэн байсан сан.
Гол нь дэлхий даяар ашигт малтмалын хэрэглээ эрс нэмэгдэж, эрэлт өссөн ч, эрэлт унасан ч ашигт малтмалын компаниуд чангарах, нэгдэж нийлэх, монопол тогтоох нь гарцаагүй гэсэн санаа тэр үед давамгайлж байв. Энд би гаднын хоёр компанийн тухай бичсэн боловч энэ том акулууд манайд ажилладаг байв, хойшид ч ажиллана, эдний дэргэд бид хэн билээ, маньд огт хамааралгүйгээр ажиллаж байна шүү, чангарах, монопол тогтоох нь харин маньд шууд хамаатай шүү гэдгийн сануулга дохио гэж авч үзмээр санагдаж байв, тэр үед.
Сүүлд сөхөн хараагүй тул миний дээрх тайлбар цаг үеэ алдсан байж болно. Харин өөр нэг мартагдашгүй дурсамж байна. Тээр жил Ерөнхийлөгч П.Очирбат энгэрээ мялаагаад байсан Соко-гийн газрын тос хаашаа орсон бэ? Америкчууд ухаж үзээд ашиггүй гэмэгцээ өмнөд хөршийн компанид зарчхаад арилаад өгсөн, ганц уурхай аврал биш гэдгийн бас нэг сануулга дохио энэ биш үү гэж би одоо болтол бодоод байдаг юм.
Австрали шиг бай л даа!
“85%-аа 100% болтол нь шахах саналтай” өгүүлэлдээ 5000 жил гээд бичсэндээ хүлцэл өчье. Сая интернэт ухаж байгаад “6000 жил” гэдгийг олоод мэдчихлээ. Түүнээс улбаалаад одоо нөгөө ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ гэх салбар руу орж дахин хөндөнө. Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг судалж үзэхүл бүх түүхийнхээ туршид тэд уул уурхайтай зууралдаад байсангүй. Алтны эрэлчид XҮIII, XIX зуунд Америк тивийг бүхэлд нь самнасан ба хожсон, баяжсан гэхээсээ аз сорьсон, амиа дэнсэлсэн түүхээр дүүрэн гэсэн байх юм.
Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг сайтар маажиж үзвэл тэд харин бүх түүхийнхээ туршид МАЛ ба ГАЗАР-тайгаа ажиллаад иржээ. Харин мал, газар нь асар их ашиг өгч, хөдөлмөрт сургасан байх юм. Мал газартайгаа уйгагүй ажиллаж байгаад хүн төрхөө олжээ. Хөдөлмөр хүнийг бий болгожээ.
Алив улс орон хөгжин дэвжих эхний хөрс нь мал ба тариалан, хүнс тэжээлийн үйлдвэрлэл байж ирсэн ертөнцийн тэр жам манай улсад хамаатай, одоо бүр ч их хамаатай. Тэгэх тусмаа манайх шиг ийм их (хүн амд нь хуваагаад) газар нутагтай улсад алт, орд, уурхай гэхээсээ эхлээд хүнсний өргөн үйлдвэрлэл, хүнсний экспорт голлож, тэр нь эдийн засгийнхаа талаас илүүг бүрдүүлээд харин уул уурхай нь 10 орчим хувьд байх нь зөв зохицол, зохистой харьцаа нь юм байна.
Yүнийг Австралиас жишээлж болно. Эхлээд хөдөө аж ахуйгаа, дараа нь бусдыгаа (тэр ч бүү хэл төгсгөлд нь уул уурхайгаа) гэдэг зарчмаар тэд 200 сая дээр барьж байдаг хонин сүргээ үржүүлж байна. Тэнд уул уурхайн олборлох үйлдвэр нь ДНБ-ийхээ 5% гаруйхныг бүрдүүлдэг ба энэ тоо бол уул уурхай аврал нь биш гэдгийн энгийн нотолгоо. Энэ 5% бол Австрали нь байгалийн баялаггүй гэдгийн үзүүлэлт бүр ч биш. Тэнд чулуун нүүрс, уран, төмрийн хүдэр, марганц, алмаз, мөнгө, цайр (зарим нь дэлхийд бүр эхний байрт гээч) гээд арилж өгөх ба гол нь бүгдийг нь ухаж олборлодоггүй юм байна. Гэтэл хаанаас баяждаг хэрэг вэ? Дэлхий дээрх хонины ноосны гуравны нэг гаранг дангаараа үйлдвэрлэдэг, үр тариа, махны үйлдвэрлэл нь мөн л дэлхийд эхний байруудын дотор гээд манайтай харьцуулах зүйл зөндөө байна. Монголын маань мал сүрэг 70 саяыг давлаа шүү дээ, одоо австраличуудаас суралцах цаг болсон юм биш үү гэж би хэлж байгаа хэрэг л дээ.
Гэхдээ энд бас “но” байна аа. Хөдөө аж ахуй, загасны ба ойн аж ахуй нь нийлээд нийлээд ДНБ-ийхээ 3% хувь болдог гэхлээр бидэнд нэн ойлгомжгүй санагдана. Уул уурхай нь 5% хувь, магтаад байсан нийт хөдөө аж ахуй нь ой, загастайгаа нийлээд гуравхан хувь, үлдэх нь хаанаас бүрддэг хэрэг вэ? Энд миний улиг болтол бичээд байдаг мэдлэгт суурилсан эдийн засаг, бирж, банкны үйлчилгээнд суурилсан салбарууд, ерөнхийлбөл үйлчилгээний аж үйлдвэр нь 71% (бөөний ба жижиглэнгийн худалдаа 11%, үл хөдлөх хөрөнгийн арилжаа 10%, дээр нь 278 аэропорт, 55 банк, тэдгээрийн 5 000 салбарын үйлчилгээ гэх мэт), барилга, аж үйлдвэр нь 26% болж, нийлүүлээд үзэхээр ДНБ-ийх нь 100 хувь тал талаасаа бүрдэж байна.
Уул уурхай!
Ингэхэд уул уурхай, ашигт малтмал, орд гэдэг ойлголт манай улсын хувьд цоо шинэ юм биш шүү дээ. Эрдэнэт, Шарын гол, Налайх, Багануур гээд социалист аж үйлдвэржилтийн сүрлэг бүтээн байгуулалтууд бэлхнээ байж байна. Эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өнөөдөр дэнслэх гээгүй. Гэвч ерөнхий утгаараа эдгээр “Уул уурхай” нь Монгол орныг овойлгож оцойтол баяжуулсангүй, бүх хүн ардад нэгэн зэрэг ач буянаа өгөөгүй, өгөх ч боломжгүй.
Тээр жил, 1970-аад оны дунд үед намайг МУИС-д суралцаж байх үед намын түүхийн Загд багш маань ийм нэгэн зүйл ярьсан нь ердөө ч санаанаас гардаггүй юм. “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” хэмээх дуу цуурайтаж, нээлт нь болж байсан үед намын түүхийн хичээл орж байж таарлаа л даа. Эрдэнэт ашиглалтад орсноор дэлхийд, Азид тэргүүлэх томхон үйлдвэр нээгдэж, манай улсын эдийн засаг бэхжиж, ард түмний амьдрал эрс сайжирч, тэр ч бүү хэл оюутан та нарын стипенд хүртэл нэмэгдэнэ гэж Загд багш маань бахархан ярьж байв.
Тэр ярианаас хойш лав 48 жил өнгөрсөн. Монголчууд овойж оцойгоогүй байна. Эрдэнэтийн өөрийнх нь ажилчдын хөлжиж баяжсаныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ л Эрдэнэт тэр чигтээ баячуудын тансаг хот болж чадаагүй. Чадах ч үгүй. Яагаад гэвэл уул уурхай нь ажиллуулсан хэдхэн хүндээ л шууд ач буянаа өгдөг, бусад хүн ардад бол дам, шууд бус, гэхдээ ихгүйгээр өгдөг дэлхийн хөгжлийн жам байдаг юм байна. Манайд ажиллаж байгаа уул уурхай, ордууд, алтны нинжа нар ингэхэд маньд хамаатай юу? Энэ төрлийн үйлдвэрлэл, бизнесээс хол явдаг лав надад бол шууд хамаарал үгүй.
Маниас дээгүүр утгаар авч үзвэл, өнөө цагт орд тойрсон улс төрийн элдэв маргаан (нүүрсний сонсгол) хэрээс хэтэрч, лиценз олгох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, гэрээ байгуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах дээр бараг үхэл үү, сэхэл үү гэдэг асуудал тулсан мэт шуугьцгаалаа. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр нарийсаж, бидэнд санхүүгийн мэдлэг менежмент илт дутаж, технологийг монголчууд бүрэн дүүрэн эзэмшиж чадаагүйгээс цааш хэрхэхээ тааварлахад эрт байна. Эцсийн шийдэл нь иргэний элдэв эх оронч хөдөлгөөн болж дуусвал уурхай ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч мэднэ.
Дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ унахгүй гэх баталгаа байхгүй тул ганц уурхай аврал биш хэмээн төрөөс зарлаад, эдийн засаг, санхүүгийн өөр нөөц гарц хайх нь гарцаагүй болж байна. Эдүгээ уул уурхайд даан ч хүртээлгүй, хот хөдөөгөөр нэг сул холхисон, мэргэжилгүй ажилгүй монгол хүн ч даан ч их байгаа нөхцөлд ганц уурхай юу билээ гэдэгт эрүүл хариулт хайх хэрэгтэй. Ямар хариулт? Тэр их ажилгүй сул дэл, эрүүл саруул, насанд хүрсэн иргэдээр хүнсний асар том үйлдвэрлэл эрхлүүлэхээс өөр гарцыг би олж харахгүй байна. Аз болж Төрөөс ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ гэсэн том хөдөлгөөн зарлан зөв эхлүүлээд байна. ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ-аа хэд хэд салбарлуулан бизнестэй холбочих хэрэгтэй.
Торгоны шинэ зам – Холболт, цөцгийн тосны экспорт…
Зовлогоо зовоохгүй аж төрөх сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. Сэдэх ч юу байх вэ, түүхээс сэргээж гэе л дээ. Хятадаас Төв Ази, Европ, Баруун Ази руу, эргээд Хятад руу хийж байсан худалдааны замын аюулгүй байдлыг хангах замаар монголчууд татвар авч, түүнийхээ ашгаар амьдарч байсан эртний түүхэн баримтыг би энд эргүүлж сануулмаар санагдлаа. Хэрэгжих эсэх нь бүү мэд?
Бас нэгэн баримт. Бүр сүүлд шүү дээ, Хиагт, Хаалганы хооронд худалдаа арилжааны гол сүлжээ нь манай Монгол байж, нутаг дээгүүрээ тэмээн жингээр хамаг ачааг нь нааш цааш гаргаад ашиг хүртэж байсан тухай ном зохиол, кино хүртэл байдаг шүү дээ. Тэрийг шинэ хэлбэрээр (тэмээн жин арай ч биш) үтэр түргэн сэргээвэл бас нэг боломж гараад ирж байна. ТРАНЗИТ МОНГОЛ гэж Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн нэг том уриа дуудлага бий шүү. Үүнийгээ манайдаа үйлчилгээний салбар болгож, Австралийн 71%-тай харьцуулан хөгжүүлэх бус уу? Зүүн хойд Хятад, Казахстаны хооронд, Солонгос, Казахстаны хооронд, Орос ба Шинжааны хооронд тээврийн хамгийн ойр маршрут манай нутгаар л дайрч гарч таарна.
Бас нэгэн чухал боломжийг ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ-тай холбон эргүүлж сануулъя. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ 1910 онд манай улс Хаант Орост жилдээ 30 мянган тонн цөцгийн тос экспортолж байсан баримт байна. Сэтгэл огшоомоор түүхэн баримт.
Энэ түүхийг бид одоо “Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал” болох ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ-тай шууд холбочихмоор санагдана. Ажилгүй, мэргэжилгүй, насанд хүрсэн энэ олон мянган хүний энэ их хүчийг хүнсний экспортын үйлдвэрлэл дээр төвлөрүүлбэл болохгүй гэж үү? Нөгөө 70 сая давсан мал сүргийнхээ ид шидийг одоо л үздэг цаг. Сүү, махаар хоёр хөршөө хангаад, дээр нь хог новшиндоо дарагдсан сул дэл газар, хот суурины айл хашаа болгонд хүлэмж барьж өвөл зунгүй хүнсний ногоо, жимсээ ургуулчихвал “1910 оны” үзүүлэлт давтагдаж, алт хайж хээр золбирохгүй, уурхай дагаж эрсдэхгүй юм биш байгаа???
Нийтэлсэн: Д.Баярхүү