Цар тахал ба геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар хүнсний хангамж ноцтой доголдож буй энэ цаг үед улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах нь нэн тулгамдсан асуудал болж байна. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх гарц шийдэл, хүнсээ, хүнээ хамгаалах боломж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хамгийн том шувууны аж ахуй “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр болон хугацаа уртасгагч, химийн бодисгүй эрүүл хүнс үйлдвэрлэгч “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.
“НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг дотоодын зах зээлд нийлүүлдэг бөгөөд дэгдээхий бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ. 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байдаг. Тэгвэл үүний 50 гаруй хувийг “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа хангажээ. Мөн тэд дэлхийн өндөг үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн анхдагч юм.
Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангана
Монгол Улсын хүн амын өндөгний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал бид 2021 онд 330 сая ширхэг өндөг хэрэглэж байсан бол 2022 онд 430 сая ширхэг, 2023 онд 500 орчим сая ширхэг болж нэмэгджээ. Тэгвэл өсөн нэмэгдэж буй дотоодын өндөгний хэрэглээг үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд 100 хувь бүрэн хангах боломжтой гэж байна.
Манай улсын өндөгний хэрэглээ жил бүр нэмэгдсээр байгаа ч нэг хүн жилд дунджаар 120 ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт юм
“НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг: Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд алхам алхмаар хөгжсөөр өнөөдрийн байдлаар 1 сая толгой шувуутай болсноор монголын хамгийн том шувууны аж ахуй болжээ. 2024 ондоо бид шувууныхаа тоо толгойг 1.5 саяд хүргэх зорилго тавиад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд энэ олон үйлдвэрлэгч нарын санаа бодлыг сонсч, бидэнтэй уулзан зөвлөмж, бодлого, чиглэл гаргаад явж байгаад туйлын их баяртай байна.
Өндөгний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн технологи хариуцсан болон тэжээлийн үйлдвэрийн автомат, электрон тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дутагдаж байгааг хэллээ. Мөн Монголд ургадаггүй үр тариаг гааль болон НӨАТ-ыг өндөг үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг нь жигдэртэл чөлөөлөх хүртэл дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилгод нийцсэн үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол “Хүнс сервис” ХХК юм. Тэд сүүлийн 21 жил жигнэж хэрчсэн гурил үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хугацаа уртасгагч, химийн бодисгүй эрүүл хүнс үйлдвэрлэдэгээрээ онцлогтой. Тус компани жигнэж хэрчсэн 14 төрлийн бэлэн гурилаа сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа
Тэд “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Өег” зэрэг дотоодын гурил үйлдвэрлэгч компаниудаас түүхий эдээ авч, зориулалтын агуулахдаа нөөцлөн, иргэдэд чанартай, баталгаатай, химийн бодисгүй жигнэж хэрчсэн эрүүл гурил үйлдвэрлэж байна. Өдөртөө 6-7 тонн гурилаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд 1500 гаруй сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг аж.
“Хүнс сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Саранчимэг: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон хамгийн том хөдөлгөөн юм. Жижиг дунд буюу боловсруулах үйлдвэр “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөгжиж, бий болсноор монголчууд бид импортын бүтээгдэхүүнийг бууруулах боломж бүрдэнэ. Магадгүй манай бүтээгдэхүүн 5 жилийн дараа гэхэд импортын ижил төрлийн барааны 40-50 хувийг орлох байх. Тиймээс өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал бидэнд үйлдвэрлэлээ өргөжүүлж, хөгжүүлэх боломжийг нээж өгч байна.
“Хүнс сервис” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлж 4300 мКв шинэ байраа ашиглалтад оруулжээ. Цаашид тус компани хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадвал үйлдвэрийн тоног төхөөрөмжөө бүрэн автоматжуулж, 2 ээлжээр өдөрт 20 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжих аж. Тэд гурван үйлдвэрийн төсөл төлөвлөсөн байгаа бөгөөд төслийн дагуу 70-100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно гэв.
Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Чимиддоржийн ДАВААБАЯР: “Хүнс сервис” ХХК бол өрхийн үйлдвэрлэлийн нэг том жишээ. Хамгийн анх ганцаараа гэртээ хийж эхлүүлсэн бизнес өнөөдөр 50 гаруй хүнийг ажлын байраар хангаад зогсохгүй өөрийн гэсэн 4300 мКв үйлдвэрийн байртай болчихсон байна. Тус компанийн захирал “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогдож байгаа 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа, Төрийн тэргүүн болон салбарын сайдад дуулгалаа. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлыг судалж, дэмжих чиглэлийг салбарын сайдад өгсөн байгаа. “Хүнс сервис” ХХК хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3-4 дахин нэмэгдүүлж, импортоор орж ирэх ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг 40-50 хувиар бууруулах боломжтой” гэж тус компанийн удирдлагууд танилцуулж байна.
Ийнхүү төрийн тэргүүн улс төрийн манлайлал үзүүлэн үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болж байна. Үндэсний үйлдвэрлэгчид “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг цаг үеэ хамгийн зөв мэдэрсэн, төр, засгийн зүгээс шаардлагатай бодлого шийдвэрүүдийг гаргасан бодит ажил хэрэг болж байгаад талархалтай хандаж байлаа.