“Хүнсний хувьсгал”-ын хэвлэлийн багийнхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А622 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолын /К/ заалтад тусгагдсан ажлыг “Хүнсний хувьсгал” ТББ-ын хэвлэлийн баг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд “Хүнсний хувьсгал” цуврал нэврүүлгийн 100 дугаар, “Хүнсний хувьсгал” цуврал сэтгүүлийн таван дугаар, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй холбоотой мэдээ, сурвалжилга, сошиал контентыг тогтмол бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажиллажээ.
- УИХ-ын 36-р тогтоолын /К/ заалт: Монгол Улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын болон бүс нутгийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд танилцуулах, сурталчлах боломжийг бүрдүүлж, экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
Ийнхүү “Хүнсний хувьсгал” ТББ-ын Найруулагч, зураглаач Ш.Баасанжав, Зурагчин А.Адьяажав, Сэтгүүлч Д.Мөнхжаргал нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав. Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Амарсанаа гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.