УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрт олгосон зээлийн хэрэгжилтийг хангах, зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих ажил Архангай аймагт үргэлжилж байна. Тус тогтоолын хүрээнд 2024 онд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгжид 385 сая төгрөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжид 750 сая төгрөг, гурил гурилан бүтээгдэхүүний 4 аж ахуйн нэгжид 780 сая төгрөг, нийт 15 аж ахуйн нэгжид 1915.0 сая төгрөгийг олгожээ.
Мөн хөрөнгө оруулалтын зээлд сүү, сүүн бүтээгдэхүүний 2 аж ахуйн нэгжид 160.3 сая төгрөг, мах, жимс жимсгэнэ, ногооны бэлдэц үйлдвэрлэх 1 аж ахуйн нэгжид 750 сая төгрөг, нийт 3 аж ахуйн нэгжид 910.3 сая төгрөгийн зээл олгосон байна.
Дээрх зээлийн үр дүнд ажлын байраа шинэчлэх, засварлах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ 5-15 хувиар нэмэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn