
Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан билээ.
Монгол Улсын Их Хурал 1992 оны Үндсэн хуульд 2000 болон 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

2025 онд энэхүү ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 1 дүгээр сарын 13-ны өдрийг бид Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байна.