“Төгс ургац” компани Олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий дөрвөн улирлын гидропоник хүлэмж байгуулан -30 хэмийн хүйтэнд шинэхэн өргөст хэмх хураан авч нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Өвлийн тэсгим хүйтэнд зуныг санагдуулам тав тухыг тэд бүрдүүлж чадсан байх аж.
Хаалганы цаана -30 хэм давсан хүйтэн жавар хацар хайрч байхад, хаалганы наана футболктой залуус хүлэмжиндээ ажиллаж байгааг харах нэн таатай байсан юм. Ийм л орчин нөхцлийг бүрдүүлсэн “Төгс ургац” компанийн дөрвөн улирлын хүлэмжтэй танилцахаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар хүрэлцэн ирлээ.
![](https://mofa.gov.mn/files/images/2shwoci0l3n/large-67a4a1506ddbd02d08d9b538.jpg)
Уяруухан өвөл аядуухан үргэлжилж байсан ч хэд хоногийн өмнөөс таван ес жавар тачигнуулан өвөл гэдэг чинь ийм л байдаг гэсэн шиг хүйтний эрч эрс нэмэгдсэн. Уур манан савсуулан хүлэмжийн хаалгаар ороход зуны дэлгэр цагт ирсэн мэт нэн таатай сэтгэгдэл төрүүлнэ.
![](https://mofa.gov.mn/files/images/b5ulwnoiemb/large-67a4a15e6ddbd02d08d9b53d.jpg)
Салбарын сайд тус компанийн хамт олонд “Хамгийн хүйтэн өдөр зориуд та бүхнийг зорин ирлээ. Хатуу ширүүн уур амьсгалтай монгол оронд дөрвөн улирлын хүлэмж зуны дэлгэр өдөр мэт ургац авч чадаж байна. Энэ бол үнэхээр бахархалтай байна” гэсэн юм.
![](https://mofa.gov.mn/files/images/oanycx6zzta/large-67a4a17a6ddbd02d08d9b542.jpg)
“Төгс ургац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрдэнэчимэг Монгол Улсын 3.5 сая иргэнээ дотоодод тарьж, ургуулсан эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрхэм зорилгыг тээн хүлэмжийн аж ахуйгаа байгуулахаар зориг шулуудсан хэмээн хэлж байв. 2016 онд хүлэмжээ ашиглалтад оруулан импортын ижил төрлийн чанаргүй ногоог бууруулах, дотоодын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн байх юм.
Тус компани Олон улсын стандартын шаардлага хангасан дөрвөн улирлын гидропоник хүлэмжийг Голланд улсаас оруулж иржээ. Орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийн бүрэн автоматжсан хүлэмжээс өдөрт хоёр тонн өргөст хэмх хураан авдаг байна. Бүрэн автомат хүлэмжийн онцлог нь орчин үеийн технологийн тусламжтайгаар өргөст хэмхийг ургуулах таатай нөхцөлийг бүрдүүлэн дотор орчны температурыг жигд байлгадаг аж.
![](https://mofa.gov.mn/files/images/hrfhlt1qb8m/large-67a4a1936ddbd02d08d9b547.jpg)
Ингэснээр өргөст хэмхний зах зээлийн 30-35 хувийг дангаараа бүрдүүлж, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас 80 хувийг “Төгс ургац” ХХК үйлдвэрлэж байгаа талаар Гүйцэтгэх захирал П.Буянтөгс хэллээ.
Монгол Улсын хэмжээнд дөрвөн улирлын хүлэмж 6 га талбайг хамардаг. Үүний 4 га нь тус компанийнх юм байна. Тэдний хувьд эрчим хүчний асуудал нэн тулгамдсан талаар хэлж байлаа. Тиймээс Засгийн газар цаашид эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлттэй, урт хугацааны зээл олгох тал дээр анхаарах шаардлагатайг онцолж байсан юм.
![](https://mofa.gov.mn/files/images/pbanuhgdj0e/large-67a4a1a86ddbd02d08d9b54c.jpg)
“Төгс ургац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрдэнэчимэг хүлэмжийн аж ахуйгаа өдий зэрэгтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөс 3.9 тэрбум төгрөг, ХААН банкны ногоон зээлээс 12 тэрбум төгрөгийн зээл авч бүтээн байгуулалтдаа зарцуулсан гэж байв. Тус хүлэмжийн үйл ажиллагаа эхлээд есөн жил орчим болж байгаа ч хөрөнгө оруулалтдаа нөхөж амжаагүй байгаа. Цаашид дан ганц өргөст хэмх тариалах бус хүлэмжийн талбайгаа нэмэгдүүлэн улаан лооль, саладны навчийг хүлэмжиндээ тариалах зорилготой байгаа хэмээн ойрын жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хүмүүст мэдлэг, чадвар олгох сургалтын төв байгуулах зорилготой хэмээн бэлэн болсон зураг төслөө үзүүлэв.
Тус компани өргөст хэмхээ хураан авч зах зээлд нийлүүлэхээс гадна “Амны зугаа” даршилсан өргөст хэмхийг борлуулалтад гаргахаар зэхэж байна. Тус компани 100 гаруй ажилтантай бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэлд анхаарч, импортын хүнсний ногоог дотооддоо 100 хувь хангах зорилт тавьсан гэж байсан юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны мэдээллийг өгч, тус компанийнханы сонирхсон асуултад хариулт өгөв.
Эх сурвалж: ХХААХҮЯ