Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хаврын тариалалтанд баримтлах зөвлөмж

Монгол нутгийн агаар мандалд намраас хавар хүртэлх хугацаанд тогтдог эсрэг циклон хэмээх хуурай хүйтэн урсгал дулааны улиралд өмнө зүгээс орж ирэх чийглэг бүлээн салхи (циклон)-д түрэгдэн хойшоо ухарч эхэллээ. Энэ үед манай орны цаг агаар тогтворгүй болж хүйтэн дулаан, цас бороо, салхи шуурга хавсран богино хугацаанд нэг нь нөгөөгөөр солигддог билээ.

Хүн мал болон ургамал амьтанд ч шууд нөлөөлдөг ийм орчин нөхцөл нь хэдийгээр агаар мандлын горим дотор явагддаг ч орших өндөр ба нутаг дэвсгэрийн хэрчигдэлтийн нөлөөгөөр бичил нөхцлүүд их үүсдэгээрээ онцлог юм. Хөрс, агаарын чийг, температур зэрэг гол хүчин зүйлүүдийг өөрчилж байгаа эдгээр нөхцлийг нарийвчлан тооцохгүйгээр тухайн үед буй болсон байгалийн нөөцийг бүрэн ашиглах боломжгүй юм.

Гэтэл бид нарийвчлах байтугай барагцаагаар тооцож ч чадахгүй байна, тэгэхдээ цаг агаарт шууд нөлөөлж чадахгүйгээс хойш технологио цаг агаартаа тохируулах боломж бий.

Манай орон хөрс уур амьсгалын нөхцлөөр өөр хоорондоо эрс ялгаатай баруун, зүүн, төв гэсэн гарван бүсэд оршдог болохоор тус тусад нь тохирсон технологи шаардагдана.

Тэгэхдээ тарилтын технологийн элементүүд дотор аль ч бүсэд үрийг 6-8 см гүнд эрдэс юмуу био шингэн бордоо хэрэглэн суулгах, хөрсний нягтралыг 1.1-1.2 г/см3 болгох, 1000 үрийн жин 35 г-аас дээш байх ёстой. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд үрийг шигшиж фракцлан, бултай үрлүүрээр тарих хэрэгтэй.

Үрийг хавар агуулахаас гаргамагц тарааж 5-7 хоног нарлуулаад Тебу-ээр ариутгаж нуруулдаад тарихад бэлэн болгоно. Дархан дахь УГТЭШХ-д хийсэн судалгаагаар 1.7 мм түүнээс бага фракцийн үрийг тариалалтад ашиглахад тохиромжгүй, 2.0-2.2 мм фракцын үрийг 6 см-ээс ихгүй гүнд, 2.4 мм-ээс их фракцын үрээр 8 см хүртэл гүнд тариалахад хээрийн цухуйц төдийлөн буурахгүй байгааг анхаарвал зохино.

Манайд улсын дунджаар үр тарианы хээрийн цухуйц 55 хувиас хэтрэхгүй байгаа нь ихэнхдээ үрийг фракцалдаггүйгээс шалтгаалж байгаа юм. Хог ургамал нь хөдөө аж ахуйн ямар ч таримлын ургацанд чийг, шим тэжээлийн дутагдлаас багагүй нөлөө үзүүлдэг, ялангуяа манай оронд бүр ч илүү их хохирол учруулдаг сөрөг хүчин зүйл учраас буудайн бутлалтаас гол хатгалтын шатанд сонгомол үйлчилгээтэй (2.4D болон бусад ) гербицидээр шүрших ажил жил бүр тодорхой хэмжээний талбайд заавал хийгддэг.

Хөрс элдэншүүлэлтийн чанарыг сайжруулж, технологийн ажилбаруудыг зохих хугацаанд нь шаардлагын дагуу хийсэн тохиолдолд гербицид хэрэглэх шаардлагагүй болно. Харин уриншийн талбайд олон наст хог ургамал, ялангуяа гоц хөнөөлт үндэслэг иштэй хиаг, үндсээрээ үрждэг азаргага, шаралзганатай талбайд нийтлэг бөгөөд системийн үйлчилгээтэй (раундап маягийн) гербицидээр намар навч нь хагдраад эхлэх үеэр шүрших нь бусад хугацаанаас илүү үр дүнтэй байдаг. Манай тариалангийн аль ч бүсэд нийтлэг хэрэглэгддэг технологийн эдгээр элементүүд өнөө жил бүгд л хийгдэх болно.

Гандуу тариалантай улс орнуудад мөрдөж буй хучлагатай тариалангийн технологи нь хөрсний өнгөн үед сүрлэн хучлага үүсгэснээр элэгдэл эвдрэлээс хамгаалах органик бодисын хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрсний чийг дулааны таатай горимыг бий болгож улмаар ургац нэмэгдүүлж байгааг тариаланчид авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Казахстаны салхи шуурга ихтэй гандуу нутгуудад хийсэн судалгааны дүнгээр нэг ам метр талбайд 20 см урттай 250-300ш хэвтээ буюу босоо сүрэл байвал хөрсийг салхины үйлчлэлээс найдвартай хамгаалж чаддагийг тогтоожээ.

Манай орны нөхцөлд 50%-ийн уринштай, уриншийн талбайд 2-3 удаагийн боловсруулалт хийхэд ургамлын үлдэгдэл /гуурс сүрэл/ устгагдан хөрс салхинд тэсвэргүй болдог тул элэгдэл эвдрэлээс хамгаалах түүний учруулах хор хөнөөлийг багасгахад талбайг зурваслах, сүрлэн хучлага үүсгэх бодит шаардлага урган гарч байна.

УГТХ-д явуулсан судалгааны дүнгээр тариалангийн талбайн хөрсний гадаргууд 3.0 т/га сүрлэн хучлага үүсгэснээр хучлагагүй талбайтай харьцуулбал хавар тарилтын үед үр суух гүний дулааныг 2 хэмээр бууруулж, 0-20 см гүний чийгийг 1.7-2.0 мм-ээр нэмэгдүүлсэнээр таримлын үр жигд соёолох нөхцлийг бүрдүүлж 1.4-2.1ц/га-аар илүү ургац бүрдүүлсэн дүн байгааг аль ч бүс нутгийн тариаланчид ашиглах цаг болжээ. Мөн энэ жилийн 6-7-8-р сарын халалт, хур тунадасны хуваариалтыг харгалзан гуурсанд тариалах эсэхээ талбай дээр нь шийдэх хэрэгтэй.

Харин дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ болон цаашдын төлөвт тохируулан өөрчлөх элементүүдийг бүс бүрээр авч үзэе.

🍀🍀Газар тариалангийн төвийн бүс 🍀🍀

Манай орны үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногооны 60-80, тосны ургамал 100 хувийг үйлдвэрлэдэг тариалангийн гол бүс учраас аль аймгийн ямар сумууд энд оршдогийг тариаланчид бүгд мэднэ, газар тариалангийн сэдвээр хийгдсэн судалгааны үр дүнгүүд болон өмнөх жилүүдийн зөвлөмжүүдэд аймаг, сумаар тодорхой дурьдсан байгаа. Энэ бүсэд хаврын сүүлчийн ба намрын анхны цочир хүйтрэлтийн хооронд 85-110 хоног үргэлжилдэг, өнгөрсөн намар газар хөлдөх үеэр хөрсний 0-20 см гүний нийт чийг уриншинд 15-57 мм, гуурстай талбайд 14-69 мм байжээ, дээр ярьсан бичил нөхцлийн улмаас бүс дотроо ийм зөрүүтэй байна.

Эрдэмтдийн судалгаагаар манай орны хар хүрэн, хүрэн хөрсний өнгөн үе (0-20 см ) – д дулааны хангамж хэвийн нөхцөлд буудайн үр (1000 үрийн жин 35 г-аас дээш) 7-10 хоногт соёолдогоос үзвэл өнөө жил хөрсөнд суулгасан үр соёолж цухуйх чийг байна.

Тэгэхдээ өнгөрч буй 4-р сарын эхээр төвийн бүсийн зарим газарт цас орсон, энэ сардаа агаарын дундаж температур олон жилийн дунджаас их байгаа зэрэг эерэг ба сөрөг нөхцлүүд буй болж хөрсний чийгийн хэмжээнд өөрчлөлт орсоныг харгалзан тарихын өмнө талбайд, ялангуяа үр суултын гүн дэх чийгийн хэмжээг дахин нягталж үзэх хэрэгтэй.

Цаг агаарын төлөвөөр тариалангийн төв бүсэд 5,6,7 саруудад олон жилийн дунджаас дулаан, буух тундасны хувьд олон жилийн дундаж хэмжээнд буюу 50-70 мм, ба түүнээс дээш байгаа учраас халалтын нөлөөг зөөлөрүүлэх боломж байна.

Тухайн бүс нутагт дасан зохицсон сортыг тариалахад нэмэгдэл зардал гаргахгүйгээр хөрс цаг уурын нөөцийг бүрэн ашиглаж таримлын ургацыг 25-30%, заримдаа 50% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.

Байгаль, хөрс, цаг уурын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортуудыг тодорхой харьцаагаар тариалж сортын бүтцээ зөв тодохойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац авах магадлалыг нэмэгдүүлдэг. Үрийн тариаланг үржил шим сайтай, технологийн дагуу элдэншүүлэгдсэн сайн чанарын уриншид тариалах чиглэл баримтлана.

Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.

Ургалтын бүх хугацаанд гантай байсан 2015 онд тариалангийн төв бүсэд Дархан-144 сорт ганг сайн дааж бусад сортуудаас ургацаар илт давуу байсаныг тариаланчид, тариалангийн менежерүүд мартаагүй байгаа байхаа.

Хөрсний угтвар чийг (намар газар хөлдөх үед байсан ) багатай гарсан Архангайн Түвширүүлэх, Сэлэнгийн Сайхан,Хөвсгөлийн Тариаланд хөрсний чийгийг дахин шалгаж үзсэний дараа 5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, 6 дугаар сарын төлөвийг харж байгаад нийлбэр дүнгээрээ олон жилийн дундаж (60 мм ) юмуу түүнээс дээш байвал буудайн эртийн болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг 5 дугаар сарын 20-25 -нд тарихад болно. Харин уг хугацаанд буух тунадасны хэмжээ 60 мм-ээс бага бол хошуу будаа вандуйн холимогийг ногоон тэжээлд зуны бороо угтуулан тарих хэрэгтэй.

Энэ бол хөрсөнд нитрат хуримтлуулахаас гадна махны үхэрт сайн чанарын тэжээл бэлтгэж махны нөөцийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой ажил юм. ОХУ-ын цаг уурын байгууллагаас гаргасан ургамал ургалтын хугацааны цаг агаарын төлөвөөр Монгол орны тариалангийн төв бүсийн хойд хэсгээр зах залгаа оршдог Буриад улс болон цаашлаад Иркутск ,Чита мужуудад 5-р сард олон жилийн дунджаас бага тунадастай байгаа, ийм нөхцөл манайд нөлөөлбөл дээр хэлснээр үр тарианы таримлын эрт боловсордог сорт юмуу эсвэл ногоон тэжээл тарихад хүрнэ гэж үзэж байна.

Буудайн нэг га-д орох үрийн нормыг энэ бүсэд 3.5 сая ширхэг буюу 120-140 кг –аас илүүгүй хийх шаардлагатай.

Одоо мөрдөж байгаа моно тарималт сэлгээг өөрчлөх, сэлгээг уртасгах, таримлын төрлийг олшруулах нь элдэншүүлгийн тоог цөөрүүлэх, хөрсний биологийн идэвх, физик, хими, биологийн шинж чанарыг сайжруулах, шим тэжээлийн бодисын эргэлтийг дэмжин хөрсийг эрүүлжүүлэх ач холбогдолтой. ЭТС-д буурцагт ургамлууд болон өргөн мөрөөр таригддаг эрдэншиш, наранцэцэг зэрэг таримлыг оруулах, цулгуй уриншийг багасган эзэмшилт болон ногоон бордоот уриншийн хэмжээг нэмэгдүүлэх замаар 3-5 сэлгээт ЭТС-ийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Одоогоор зөвхөн газар тариалангийн төв бүсэд тарьж бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрт нийлүүлэх бас урд хөршид бага хэмжээгээр гаргадаг таримал бол рапс юм. Манайд Рапс тарьж буй талбайн хэмжээ, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын аль аль нь дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд хүрээд байгаа..

Рапсын тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд уг таримлыг голдуу уриншийн дараа тарьсан буудайн гуурсанд буюу 0-5 см гүндээ чийглэг талбайд тарьдаг нь оновчтой байж мэднэ.Энэ жил. улсын хэмжээнд нийтдээ 140.000 орчим га-д рапс тариалахаар байна. Зусах рапсын 98-105 хоногийн болцтой хар үрийн сорт Надёжный-92, СибНИИК-21, СибНИИК-198 сортуудыг 5 дугаар сарын 2-р арав хоногт тарих үрлүүрийн маркаас хамааруулан нэг га-д 5-6 кг соёолох чадвар сайтай үрээр 2-3 см -ийн гүнд тарина.

🍀🍀 Газар тариалангийн зүүн бүс🍀🍀

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын тариалан бүхий сумд энэ бүсэд багтдаг бөгөөд, хүйтэнгүй хоногийн үргэлжлэх хугацаа ба дулааны улиралд буух тунадасны хэмжээгээр бүс дотроо их зөрүүтэй нутаг. Одоогоор хамгийн их үр тариа тарьдаг Халхголд жилийн тунадасны нийлбэр 200 мм байхад тус бүсийн хойд хэсэг Хэнтий аймгийн Дадал суманд 300 гаруй мм болж ихэсдэг байна. Тунадас ихтэй нутагт нь ойт хээр, урагшаа Халхын гол руу дан үет өвслөг ургамалтай хээр тал оршино. Халхголд зуны бороо хожуу, ихэвчлэн 6,7 дугаар саруудын зааг орчмоос эхэлдэг, тариалангийн талбай нь 600 метрээс дээш өргөгдсөн тэгш гадаргуутай, элсэнцэр хүрэн хөрс зонхилно. Хавар намрын улиралд салхины хүч ихэсдэг учраас хөрсийг хийсэлтээс хамгаалах цогцолбор системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Манай орны тариалангийн ирээдүйд ашиглах нөөц буюу хоёрдох бүс гэж тооцогддог учраас өчүүхэн бага талбайд ч гэсэн хөрсийг нь хамгаалах технологийг хэрэглэвэл зохино.

Өнгөрсөн намар тодорхойлсон хөрсний нийт чийгийн хэмжээ зүүн бүсэд харилцан адилгүй, ялангуяа Хэнтий Дорнодын хооронд эрс зөрүүтэй байна.Уриншийн 0-20 см гүний чийг Халх голд 24 мм байхад Хэнтийн Биндэрт 7.0 мм, гуурстай талбайн мөн гүний чийг Халх голд 27 мм, Биндэрт 16 мм гэх мэтээр ялгаатай байна. Ийнхүү гуурстай талбайд уриншаас их чийгтэй байх тохиолдол манай тариалангийн аль ч бүсэд цөөнгүй ажиглагддаг боловч ургацаар батлагддаггүй нь шим тэжээлийн хангамжаас хамаардаг учраас эрдэс, шим, органик болон био бордоогоор хөрсний агрохимийн шинжилгээний дүнг үндэслэн бордож байж энэ нөөцийг ашиглах хэрэгтэй.

Цаг агаарын нөхцөл бол тухайн үед нь ашиглахгүй өнгөрвөл дахиж олддоггүй нөөц учраас алдаж болохгүй. Өнөө жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтын технологид анхааралгүй өнгөрч болохгүй асуудал болж байна.

Таримал ургамлын халалтанд нэрвэгдэх хугацааг богиносгох нь хэдийгээр бүрэн гүйцэд биш ч гантай тэмцэх нэг арга, тэгээд ч дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хамарч буй өнөөгийн дулаарлын нөхцөлд үр тарианы ургамлын тарих хугацаа хойшлох болно.Тэгэхлээр тариалалтыг Чойбалсан, Халх голд 5 дугаар сарын 15- наас эхэлж нэг га-д 3.5 сая ширхэг үр суулгана. Гуурстай талбайн чийгийг үзэж байгаад 0-50 см гүнд 80 мм-ээс дээш байх тохиолдолд үртэй хамт эрдэс болон био бордоо өгөх хэрэгтэй. Эрдэс бордооноос азот, фосфорыг 10-20 кг/га үйлчлэх бодисоор, био бордоог га-д 4-6 л-ээр тооцож хороор ариутгал хийгээгүй үртэй хамт бордож тариална. Бактерийн бордоог үртэй холихдоо нар үзүүлэхгүй, бүтээлэгтэй тээвэрлэх, үрлэгчийн бункерийн таг хааж тариалбал зохино.

Зүүн бүсийн бусад нутгуудад үрийн норм, тарих хугацаа нь төв бүстэй адил байна. Буудайн үрийн хувьд тариалан эрхлэгчид өнгөрсөн жилийн ургацаасаа нөөцлөн авч үлдсэн болохоор түүнийгээ л хэрэглэж таарна, ингэснээр буруудахгүй. Хөрс хамгаалах цогцолбор арга хэмжээг иж бүрнээр нь нэвтрүүлж, тариалангийн талбайг ойжуулсан нөхцөлд зүүн бүс манай орны хүнс тэжээл үйлдвэрлэлийн хоёрдох бүс нутаг болж чадна.

🍀🍀Газар тариалангийн баруун бүс 🍀🍀

Баруун бүс бол эрт дээр үеэс усалгаатай тариалан эрхэлж ирсэн уламжлалтай нутаг боловч бухар тариаланд ургац авахад нилээд ярвигтай. Тэнд хүйтэнгүй хоногийн тоо, дулааны хангамж, нарны гийгүүлэлтээр төвийн бүсээс дутуугүй боловч буудайн түрүү гарах, цэцэглэх зэрэг өсөлт хөгжилтийн эмзэг үед хөрс агаарын чийг доод хэмжээндээ хүртэл буурч ургац буй болоход эрсдэл үүсгэдэг, хүрэн хөрс зонхилон тархсан, газрын гадаргуугийн хэрчигдэлт нь бичил нөхцлийн нөлөөг ихэсгэдэг нь энэ бүсийн онцлог юм. Баруун бүсэд Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, Завханы Тэс, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Уул сумуудын тариалан эрхлэдэг газрууд багтана.

Энд хөрс уур амьсгалын нөхцөл таваарын тарианаас тэжээл тарихад илүү тохиромжтой, таваарын буудайг 5 дугаар сарын 15-ны дотор аль болох богино хугацаанд таривал зохино.

Баруунтуруунд өнгөрсөн намар газар хөлдөхийн өмнө уриншийн 0-20 см гүнд 30 мм, 0-50 см гүнд 53 мм, гуурстай талбайд мөн энэ дараалалаар 35 мм, 75 мм чийгтэй байжээ.

Энэ чийг нь ургамал ургалтын эхний шатанд эерэг нөлөө үзүүлэх их нөөц, үүн дээр нэмээд 6,7 дугаар саруудад олон жилийн дундаж хэмжээний буюу 30-50 мм тунадас буух төлөтэй. ОХУ-ын цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр 8 дугаар сард мөн олон жилийн дундажийн орчим тунадастай байгаа нь буудайн ургац буй болоход тохиромжтой нөхцөл бүрдэх бололтой.

Я Дашцэрэнгийн Баруунтуруунд хийсэн судалгаагаар буудайг нэг га-д 1сая ширхэг буюу 40 кг нормоор тарихад чанар сайтай арвин ургац авдаг нь тогтоогдсон,одоо энэ үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой. Харин өнөө жил гуурстай талбайд байгаа чийгийг үр дүнтэй ашиглахын тулд дээр хэлснээр бордоо хэрэглэвэл зохино.

Тэсийн тэжээлийн аж ахуй байхад Ш.Гунгаадорж таваарын буудайн болон тэжээлийн, Цагаан-Уулын Бадрал нэгдэлд С.Лочиндэмбэрэл тэжээлийн арвин ургац авч хүнс тэжээл үйлдвэрлэлд амжилт гарган мандаж байсан. Төв суурин газруудын ойролцоо мах сүүний аж ахуй эрчимтэй хөгжиж буй өнөө үед тэжээлийн хэрэгцээ ихсэж байгаа болохоор баруун бүсийн бага талбайтай тариалан эрхлэгчид тэжээл тарих нь чухал болж байна. Ногоон тэжээлд хошуу будаа вандуйн холимгийг тарьснаар малаа таргалуулах сүү оруулахаас гадна хөрсний үржил шимийг сэргээх үр дүнтэй байдаг судалгааны дүн бий.

эх сурвалж: Б.Дорж Sc.D, Ж.Намбар Ph.D

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хаврын тариалалтанд баримтлах зөвлөмж
Хэл солих
Мэдээлэл хайх