“Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, нээлтийн үг хэллээ.
Ч.Даваабаярын Нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ХААИС-ийн эрдмийн хамт олон болон хөрөнгө оруулагч нартаа намрын налгар сайхан энэ өдрийн мэндийг айлтгая.
Нарлаг монгол орны нөхцөлд илүү таарч тохирсон нарны эрчим хүчээр хэмнэлттэй ажиллах ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцож байгаадаа баялаг бүтээгч иргэний хувьд болон ЕТГ-ын төлөөлөл болон оролцож байгаадаа баяртай байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж ,аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаа ид өрнөж байгаа энэ цаг үед ХААИС ухаалаг хүлэмжийн асуудлыг хөндөж байгаад ихээхэн ач холбогдол өгч байна.
“Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1-рт Хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, 2-рт Хүнсний илчлэг, шимт чанарыг дээшлүүлэх, 3-рт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Үүнд өнөөдрийн төсөл, төслийн үр дүн тус дэм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж нь орчин үеийн ухаалаг, цахим ХАА-н хөгжлийн гол сэжим, үндэс нь гэж ойлгож байгаа.
Өөрөөр хэлбэл ухаалаг хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлснээр шинэ, дэвшилтэт ХАА жинхэнэ утгаараа хөгжиж, үндсэн гол зорилтууд нь хэрэгжин биелэх учиртай. Үүний үрээр улс орны хөгжил дэвшил ч шинэ шатанд хүрэх учиртай юм. Дэлхийн нийтийн хэмжээнд авч үзвэл 2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч эхэллээ.
Улмаар иж бүрэн автомат ажиллагаатай буюу газар тариалангийн технологийн бүхий л үйлдлүүдийг гүйцэтгэдэг жолоочгүй трактор, операторгүй ХАА-н машины агрегат, өөрөөр хэлбэл газар тариалан үйлдвэрлэлийн 4-р хувьсгал, роботжсон ХАА-н эрин үе эхэлсэнийг олон улсын судлаачид, эрдэмтэд онцолсоор байгаа. Роботжсон хувьсгалын түүдгийг Монгол орны шимт хөрс шороон дээр асааж, улмаар гал болгон бадраах их үйлсэд ХААИС-ийн эрдэмтэн багш нарын санаачилсан төсөл бодитой хувь нэмэр, жинтэй түлхэц өгнө гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс “Smart Urban Green City” буюу ухаалаг хүлэмжийн зарчимд тулгуурласан “AGRO CITY” хот байгуулах төслийн зорилгод та бүхний дэвшүүлсэн санаа нэг ижил байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Холбогдох яамд, тусгай газрууд ухаалаг хүлэмжийн бүтээн байгуулалтын зардлыг улсын төсөвт суулгах болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг онцгойлон анхаарах цаг нэгэнт болжээ. Ухаалаг хүлэмж барьж ашиглалтад оруулах ажлыг аль болох олон аймаг бүсийг хамруулан зохион байгуулж, хүрээг нь тэлэх шаардлага ч тулгарч байна. ХААИС “эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэл” гэсэн гуравласан холбоогоор үйл ажиллагаа явуулахдаа одооноос цахим ХАА-н үйлдвэрлэлд ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо болон хос хөтөлбөрөөр гадаадад бэлтгэх шаардлага бий юм.
ХААИС-ийн эрдэмтэн багш нарын энэ мэт төсөл санаачилга, шаргуу хөдөлмөрийн үр шимээр Монгол улсад гадаадын өндөр хөгжилтэй орнуудын газар тариалангийн шилдэг технологи нутагшина гэдэгт итгэл төгс байна. Өнөөдрийн төсөл, бүтээн байгуулалтын нээлт бол:
- Улсад эрчим хүч нийлүүлэх
- Монгол орны цаг уурын онцлогт зохицсон ухаалаг хүлэмж барих
- Сургалтаар дамжуулан чадварлаг боловсон хүчин бэлтгэх
- Халаалтыг экологид ээлтэй зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэх
- Гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжит таримлын аж ахуйг хөгжүүлэх гэсэн үндсэн 5 зорилтыг шийдвэрлэсэн ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж байна.
Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, цаашлаад “аж үйлдвэрийн хувьсгал”-д хөтлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байгаа юм. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. “Хүнсний хувьсгал”-д хамтдаа нэгдэцгээе. Баярлалаа.