Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд 3-5%-ийн хүүтэй, ойролцоогоор 1 их наядын зээл олгох, мөн импортын болон татварын бодлогоор дэмжих зэрэг 24 ажил тусгагдсан.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр / 2023.03.14/ хүнс үйлдвэрлэгчдийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтад:
- “Витафит Инвест” ХХК-ийн Ерөнхий захирал С.Жаргалсайхан,
- “Хангай Миллс” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганбат,
- “Газар шим үйлдвэр” ХХК-ийн Дэд захирал Ц.Төгсөө,
- “Жүр үр” ХХК-ийн Дэд захирал Б.Мөнхзул,
- “Траст трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сансармаа,
- “Метагро” ХХК-ийн Захирал Т.Мөнхтөр нарын хүмүүс оролцлоо.
Үйлдвэрлэгчдийн зүгээс Сангийн яам, Монголбанк, ХХААХҮЯ, БШУЯ болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар зэрэг бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудаас санхүүжилт, татвар, гаалийн асуудлаар ААН-үүдэд зориулсан сургалт явуулах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн хүнсний салбарын бодлого арга хэмжээний талаар шийдвэр гаргагч нартай ирэх долоо хоногт дахин нарийвчлан хэлэлцхээр тогтлоо.