Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан.Энэхүү арга хэмжээнд УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт, цаашид авах арга хэмжээ, санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн төв банкнаас дээрх салбаруудын санхүүжилтийг дэмжих талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
“Хүнсний хувьсгал”-ыг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор УИХ-аас 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн. Энэ нь уг салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй дэмжлэг боллоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дараах хөнгөлттэй зээл, татварын бодлогоор дэмжинэ.
- Арилжааны банкууд 3-5 жилийн хугацаатай, жилийн 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөг хүртэлх хөнгөлттэй зээл олгоно.
- Хүнс үйлдвэрлэлийн салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Хөнгөн үйлдвэрийн салбарт 107.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөв.
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөв.
- Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөв.
- Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлөв.
- Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
- Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
- Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөв.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчдад 500 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.
- Орон нутагт шилжин суурьшсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.
- Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулах, санхүүжилт, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, судалгаа шинжилгээг өргөжүүлэх, тариалах технологи боловсруулахад 3 тэрбум төгрөг зарцуулна.
- 600 сая төгрөгөөр таримлын шинэ сорт бүтээх, нутагшуулах, турших, шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлнэ.
- Орон нутагт жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахад 1,2 тэрбум төгрөг зарцуулна.
- 100 мянгаас доошгүй тонн хүнсний болон үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэх, эргэлтийн хөрөнгийн сан бүрдүүлэхэд 35 тэрбум төгрөг зарцуулна.
- 2 тэрбум төгрөгөөр бэлчээрийн ашиглалт, хамгааллыг сайжруулах, отрын нөөц бэлчээр, усан хангамж, өвс, тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлнэ.
- Мал, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын сүлжээ бий болгох, загвар хоршоо байгуулахад 1 тэрбум төгрөг зарцуулна.
- Малын удмын санг хамгаалж, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэхэд 500 сая төгрөг зарцуулна.
- Махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуй байгуулахад 500 сая төгрөгөөр дэмжинэ.
- Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг түшиглэн хөгжүүлэхэд 50 сая төгрөг зарцуулна.
- Нийт мэдрэмтгий мал, амьтныг жилд 2 удаа дархлаажуулахад 41.7 тэрбум төгрөг зарцуулна.