“Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий. Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олбол дороо өөрчлөгдөнө дөө” хэмээн японы эрдэмтэн зохиолч Т.Мацуда “Засгийн газрын мэдээ” сонинд ярьсан байсан даа.
Тэр эрхэмтэй би Саппоро хотод уулзан гэрт нь зочилсон. Хамтдаа үдийн зоог барьж халуун рашаанд тухалсан. “ЗгМ” сонинд ярьсныг нь дахин яриулсан. “Монгол хүн яавал ажил эрхлэх вэ?”, “Засаг төр нь яавал ажил эрхлүүлэх вэ?” гэсэн халуухан сэдвээр санал солилцсон, эргээд толилуулъя гэж шийдэж байна. Ардчиллыг завхруулахгүй, хүний эрхийг хөсөрдүүлэхгүйгээр хуулийн аргаар шийдэх гарцыг би олж хараад, бас монгол хүн бүр, монгол өрх бүр хүнсний хувьсгалчид байгаасай гэсэндээ өөр нэг өнцгөөс хөндөх санаатай. Элдэв хар буруу санаагүй, монгол хүнээ доош хийгээгүй шүү. Хүлцэн хүлээн авна уу.
Монголчууд аж төрөх гэж, ажил хөдөлмөр эрхлэх гэж, улс гэрээ төвхнүүлэх гэж мөн ч их будилж байна. Гуч гаруй жил будиллаа. Төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ. Өнөө маргаашаа аргацаасан бодлого л яваад байна. Гал алдчихгүй байхыг л хичээнэ. Алс хэтийг олж харна гэж байхгүй. Нүүдэлчний жалга довын ядуу сэтгэлгээнээс угшилтай болж таарах гээд байна. “Ажил хийгээд өгөөч ээ!” хэмээн Монголын төр-засаг 30 гаруй жил ард түмнээ ятгаад тусыг эс олжээ. Ятгалга нь уянгын уриалга болж хэлэгдээд ч нэмэр алга. Нохой хуцсаны дайтай ардуудад сонсогддог байх.
Ардууд нь ч ардууд. Цөс ихтэй. Аугаа удамтай, аугаа түүхтэй гэх боловч тэр нь хийрхэл болж хааяа дэврэхээс биш, бүтээх босгоход нь сэтгэлийн тэнхээ өгнө гэж байхгүй. Үнэлэх эрхэмлэх зүйлгүй, огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, гуйлга түүлгэ, тэтгэмж тэтгэлгээр өдөр хоног өнгөрөөж буй үлгэн салган айл өрх нийслэлд олон мянгаараа байна. Аймаг сумын төвүүдэд ч байна.
Нүүдэлчний жалга довын аминч үзэл, ажил хийхгүй амьдарч болоод байдаг болгоод байдаг ахай ижийсэг ёс, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй аргацаах дадлаа нийслэлдээ авчирч наагаад нийслэлээ там болгочихсон, өвөлжих гэж яаж хөглөж шогтож арчаагүйтэж байгааг нь харах тусам ганцхан хатуу хуулиар (ганцхан шүү!) бүхнийг шийдчихээр санагдах юм. Япон ч тэр, АНУ-д ч тэр, Германд ч тэр тиймэрхүү хууль байдаг бололтой юм.
“Уур хүргэх л гэж ямар ч шийдэлгүй зөвхөн шүүмжлэхээс өөр зүйлгүй, ингэж боддог бичдэг зуршил болчихсон олон нөхөд үүнийгээ анзаараасай” хэмээн facebook-д нэг уншигч найз маань бичсэн байна лээ. Би шүүмжлэл биш ШИЙДЭЛ, шийдлийн гарц бичиж байна. Яг энэ тухай надаас өөр ярьсан сэтгэсэн хүн байдаг л байх, хэвлэлд ил бичсэн, сурталдсан нь лав би юм даг. Миний зөвийг уулзсан учирсан бүхэн л сайшаах юм. Тиймээс дахиад цэгцтэйхэн биччихье. Төрийн бүх өндөрлөг, 2024 оны шинэ УИХ-ын 126 гишүүн бүгд сонортоо авна уу? Та нарын хийх анхны том, түүхэн ажил чинь болог!
Цорын ганц хууль гээд байгаа нь ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ, ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ юм шүү дээ! Ганцхан хууль. 2024-2028 оны УИХ л (126-уулаа) ганц далайлтаар шийдчихнэ. Зөвхөн энэ хуулин дээрээ тэр дөрвөн жилээ зориулчхаад түүхэнд алтан үсгээр бичигд! Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэйгээс бусад хөдөлмөрийн насны бүх монгол хүнд дагаж мөрдүүлэх хууль. Энэ хуулийг татварын алба, эдийн засгийн цагдаа хянана, мөрдүүлнэ.
Ийм хууль баталж мөрдүүлсний ашиг тус:
- Ажилгүй орлогогүй иргэд гэдэг ойлголт ганц далайлтаар ганцхан жилийн дотор байхгүй болно. Мэдээж эхэндээ хагас жил ч юм уу ах дүүсээсээ зээлээд, ломбард, санхүүгийн элдэв махинацаар тэр татвараа төлөг. Дараачийн хагас жилээс зээлдүүлэх хүн олдохгүй болно. Хэсэг хугацааны дараа татвар төлөгч маань хаашаа харж үхэхээ мэдэхээ болино. Бие сэтгэл тархиндаа тусгана. Гэнэт ухаарна. Ариусна. Ажил эрхлэхгүй бол сөнөлөө гэдгээ яс махандаа тултал мэдэрнэ ойлгоно. Ингээд хоёр зуу, гурван зуу мянгаар тоологддог ажлын сул байрууд дороо дүүрнэ. Нэг жилийн дотор л тэгэх болов уу гэж би тооцоолж байна.
- Улс даяараа язганатал хөдөлмөрлөнө. Язганатал хөдөлмөрлөхийг дагалдаад эдийн засаг төрөлжинө. Одоогийн үхээнц эдийн засаг амилна. Нэмүү өртөг шингэнэ. Экспортын чиглэлтэй болно. Ажил олгогчид жинхэнээсээ эх орныхоо эзэд нь болно. Бизнесчид нь ч эх орондоо буян үйлдэгсэд болж хувирна. Ажлын байруудын эрэлт хэрэгцээ эрс ихэснэ, олдохоо болино.
- Улаанбаатарын даацын хэтрэл, замын түгжрэл, хөрс ус агаарын бохирдлыг энэ хуулийн хүчээр өлхөн шийдчихнэ. Хөдөөнөөс хот руу орж ирээд ядуурсан, золбирсон, ажилгүй арчаагүй яваа үй түмэн иргэд сайндаа л хагас жил хүртэл татвараа өр тавьж төлөөд аргаа бараад мухардахдаа хөдөө рүүгээ төрсөн нутгаа зорино. Бараг тал нь гараад явчих байх. Ядаж аймаг сумандаа очвол төрийн татварын дарамтаас гарчихна гэж тэд эхэндээ бодно. Хяналтаас нэг хэсэг гарчихна гэж итгэнэ. Гэвч аймаг суманд нь ажил эрхлээгүйн татвар авч байх тул яалт ч үгүй мухардаад ажил хийхээс аргагүй болно.
- Мэргэжлийн төрөл зүйлүүд эрс нэмэгдэнэ. Одоо нийслэлээр жишээлэхэд насанд хүрсэн иргэдийн нэлээд нь худалдагч, хувийн таксины жолооч, нийтийн хоолчны ажил эрхэлж байна. Тэр нь ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй. Татварын ийм бодлогын дүнд худалдагч, жолооч, нийтийн хоолны тогоочийн мэргэжил, ажлын байр эрс багасна. Хувийн машины тоо автоматаар цөөрнө. Үй түмэн жолооч худалдагч бүтээлч өөр ажил эрэлхийлнэ. Сургалтад хамрагдана. Мэргэжлийн өөр дадал олно. Хөдөлмөрийн жинхэнэ хамт олны дунд орж ирнэ. Хөдөлмөрийн хуульд захирагддаг болно.
- Нийслэлээр жишээлэхэд энэ их зах дэлгүүрүүд олон жилийнхээ барааны нөөцөд дарагдаад нэмж овоолсоор байгаагаа цэгцэлнэ. Бараа нь гүйхгүй, хэн ч авахгүй байх аваас бараа лангууны манаач ийм олуулаа зэрэгцэн хийдгээсээ сална. Өөрөөр сэтгэнэ. Энэ их овоолсон бараагаа Сибирь, Умард Орос руу зөөвөрлөж таарна. Гадаадад гаргаж борлуулах арга ухаан сийлнэ. Ухаан сууна. Хэрсүүжнэ. Монголын наймаачид XXI зууны наймааны ухаанд суралцана. Гадаад хэл сурцгаана. Боловсорно.
- Ажлын байрууд олноороо бий болсноороо сүүдрийн эдийн засаг, далд хуйвалдааны өрхийн жижиг бизнес, амиа аргацаасан жижиг аж ахуйнууд тэлнэ, томорно, шилэн болно. Газар эргэлтэд орно. Амарчилж аж төрдөг, биеийн амар хардаг, юүхэн хээхнээр оролддог, ажилласан ч үлгэн салган, гурилддаг дадал халагдана.
- Монгол хүн монгол хүндээ захирагдаж харилцан ажиллахаас өөр гарцгүй болно. Хөдөлмөрийн харилцаанаас үүсэх зөрчил мөргөлдөөн багасна. Үнэ цэнтэй олдсон ажлын байрандаа тогтвортой ажиллахыг хичээнэ. Хөдөлмөрийн харилцаа огт өөрөөр, эрүүл саруулаар хөгжих болно. Ажил хөдөлмөрийн нэр хүнд өснө.
- Төрөөс татаастай аймаг сумын төвүүд оволзсон бүтээн байгуулалт руу шилжинэ. Хөгжлийн төвүүд бий болно. Бүтээнэ босгоно, бүтээхийн тулд сэтгэдэг болно. Нөгөө “Хүнсний хувьсгал” маань хөдөөгийн хүнсчид, фермерүүдийн хүчээр ажил хэрэг болно.
- Улс даяараа ажлын байрны төлөө өрсөлдөнө, уралдана, өөрийгөө хөгжүүлнэ, монгол хүн эрүүлжинэ, архи тамхи, залилан, луйвар гэх мэт буруу муу дадлаа гээнэ, ирээдүй хойч үедээ үүрдийн буян үйлдэхийн тулд монгол хүн цоо шинээр төлөвшиж хүмүүжнэ. Эрүүл урт наслахыг хичээх болно. Амьдрал нь утгатай болно. Амьдралд хайртай болно.
- Монголд оюун санааны, сэтгэхүйн маш том хувьсал хувьсгал авчирна. Сул дэл байх, цаг нөхцөөх, хэрэгтэй хэрэггүй юмаар оролдох, архидах, золбирох, дампуурах явдлыг эцэслүүлнэ. Бүгдээрээ зөв шахаанд орно. Хуучнаар ТМС гэж нэрлэдэг сургалтын төвүүд дүүрнэ. Ажилчин малчин анги жинхэнээрээ дахин бий болно. Хөдөлмөрийн сэхээтнээрээ ялгарна.
- Монгол хүний хүмүүжил, соёл шал өмнөө болж төрөл арилжина. Хүүхдийн хүмүүжил зүгширнэ. Гэр бүл салалт, өнчрөл эрс багасна. Ажлын байранд үр хүүхдээ бэлтгэх сэтгэхүй гүн сууна. Ажлын байранд өөрийгөө бэлтгэнэ. Бултаараа бэлтгэнэ. Хичээнэ.
- Монгол хүн эх орондоо ч, харьд ч боолын хөдөлмөр эрхэлдэг, боолын сэтгэлгээтэй явдгаа болино. Зовхи нь өөдөө болно.
- Хөдөлмөрийн шинэ харилцааг дагалдаад гэмт хэрэг эрс багасна. Хулгай луйвар, залилан, дээрэм нийгэмд жигшигдэнэ. Малын хулгай хөдөөд байхгүй болно.
- Намын талцал, гишүүнчлэлийн тоо, нам дагасан хүн сүрэг байхгүй болно. Энэ хууль намуудад халгаатай байхыг үгүйсгэх аргагүй. Нам хожих ёстой бус эх орон хожих ёстой хуулийн тухай ярьж байна.
- Энэ хуулийг санаачилж мөрдүүлсэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Монголын түүхнээ алтан үсгээр бичигдэн үүрд мөнхөрнө.
Ийм олон үр дүнг төсөөлж болж байна. Огт болохгүй бүтэхгүй юмыг би санал болгоогүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд бэрхшээл мундахгүй. Гэхдээ Монголын төр байна, төр хүчтэй, төр эрхэм, нэр хүндтэй гэдгээ л үүн дээр гаргачих хэрэгтэй!
НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ