Японы Хокүрикү бүсэд 2020 оноос эхлэн жил бүр болж буй “Go For Kogei” гар урлал, урлагийн наадам болж байна.
Тус наадмын үеэр гол үзэсгэлэнгийн зэрэгцээ Тояама, Ишикава, Фүкүи мужийн уран бүтээлчдийн хамтарсан арга хэмжээнүүд болдог байна.
Когэй буюу японы гар урлалд төвлөрсөн шаазан ваар, мод, нэхмэл, шил, цаасан урлалын контемпорари бүтээлүүдийг үзэсгэлэнд дэглэн үзэгчдэд толилуулдаг.
Харин энэ үзэсгэлэнд өвөр монгол уран бүтээлч Сансан Оү оролцож байна. Тэрбээр хонины нарийн гэдсийг үлээж жижигхэн бөмбөлөг болгоод түүнийгээ мушгиж боогоод дахин үлээж боосоор гэдсийг уртаар нь таазнаас унжуулжээ.
Байгалийн гаралтай материал ашиглаж монгол хүний үхэл, амьдралын тухай философийг илэрхийлэх бүтээл хийсэн тэрбээр “Би бүтээлээрээ хүний үхэл, амьдралын хоёрдмол хил хязгаарыг харуулахыг хүссэн” хэмээн ярьжээ. Монголд төрсөн учраас хонины мах, сүү, ноос гээд малын үржил шимийг маш сайн мэдэх учраас энэ материалыг сонгож бүтээл хийсэн байна. Энэ тухай С.Оү “Би өөртэйгөө холбоотой, эргэн тойронд маань буй материалыг ашиглахыг хүссэн учраас хонины гэдсийг сонгож бүтээл хийсэн” гэсэн байна.
Уг үзэсгэлэнгийн сэдэв нь “Материаллаг дүрслэхүй, ёс зүйтэй өгүүлэхүй: Материал, өгөгдөл, фантаз” бөгөөд 26 уран бүтээлч оролцож байгаа юм. Тэдний хамгийн залуу нь 19 настай, Францын уран бүтээлч, нэхмэл урлаач Одри Гэмби гэдэг бүсгүй ажээ. Тэрбээр өмсөж болдог бүтээл дэлгэснээрээ онцлог бөгөөд “Францад уран зураг, уран баримал, үзүүлбэрүүд өргөн хүрээнд тархсан ч гар урлал жижигхэн байр суурь эзэлдэг” хэмээн “Майничи” сонинд ярьсан байна.
Эх сурвалж: “Майничи” сонин.