Завхан аймгийн нийт газар нутагт бэлчээрлэх мал сүргийн тоотой харьцуулахад аймгийн хэмжээний бүртгэлтэй, ажиллагаатай худаг уст цэгийн тоо хангалтгүй байна.
Завхан аймгийн хэмжээнд бэлчээр болон сумын төвд байрлалтай 616 худаг байна. АДАПТ төслөөс 14 сумын 16 багийн 16 цэгт шинээр инженерийн хийцтэй гүнийн өрмийн худаг гаргахаар төлөвлөж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар “Эхний эхэн” ХХК Алдархаан, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу сумдад инженерийн хийцтэй 8 худаг гаргасан. Мөн “Тэсийн бүрд” ХХК Баянтэс, Завханмандал, Их-Уул, Сантмаргаз, Тосонцэнгэл, Тэс, Цэцэн-Уул сумдад инженерийн хийцтэй 8 худаг барьж ашиглалтад өгснийг өнгөрсөн оны сүүлээр нийт 12 худгийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээж аваад байна.
Худаг уст цэгийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа хэдий ч говийн бүсийн сумдын нутагт зарим цасгүй жил мал усгүйдэх. Говийн малчдад бэлчээр нь байдаг ч худаг, усгүйгээс ашиглаж чадахгүй тохиолдол цөөнгүй бий.
Харин тухайн бэлчээрт усан хангамж сайжирч, худагтай болсноор малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрддэг юм. Аймгийн нийт газар нутагт бэлчээрлэх мал сүргийн тоотой харьцуулахад аймгийн хэмжээний бүртгэлтэй, ажиллагаатай худаг уст цэгийн тоо хангалтгүй байгаа. Энэ жилийн тухайд нийт нутгаар цастай, ялангуяа говийн бүсэд өвөлжилт харьцангуй сайн байгаа учраас мал аж ахуйн усан хангамж хүрэлцээтэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Ташрамд өнгөрсөн онд улсын төсвийн 47.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алдархаан, Нөмрөг, Сантмаргаз, Тэс, Баянтэс, Их-уул сумдын нийт 21875 га бэлчээрийн талбайд мэрэгч хортон амьтантай тэмцэх ажлыг хийсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг