
Эрхэм хүндэт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид аа,
Эрхэм хүндэт малчид, тариаланчид, баялаг бүтээгчид ээ,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Монгол Улсад орчин цагийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн салбар онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, газар тариалан, хөнгөн аж үйлдвэрээ хөгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.
Манай улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд малын тоо, толгойг өсгөх, малыг эрүүлжүүлэх, хадлан, өвс тэжээл, дулаан хашаа саравч, худаг усаар хангах, үүлдэр угсааг сайжруулах, хөнгөн аж үйлдвэрийн шинэлэг техник технологи, инновацыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, малчдын амьдралыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн нэгдлүүд, сум багуудыг бэхжүүлэн хөдөөгийн амьдралын нөхцөлийг сайжруулах, малыг малчдад нь хувьчлах зэрэг олон суурь асуудлуудыг шийдвэрлэж ирсэн.
XX зууны эхэн үед 5 сая гаруй малтай байсан манай улс өнөөдөр 60 орчим сая толгой малтай болж, нэг хүнд ноогдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Мөн ХХААХҮ-ийн салбар өнөөдөр манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг дангаараа бий болгож, 320 гаруй мянган монгол хүнийг ажлын байраар хангаж байна.
Ийнхүү манай улсын орчин цагийн ХХААХҮ-ийнсалбар амжилт бүтээл, сургамж, туршлагахосолсон түүхийн 100 жилийг ардаа үдэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсалбар нь түүхийн аль ч цаг үед манай улсын эдийн засгийн гол тулгуур, улс орны хөгжилдэвшил, үндэсний аюулгүй байдлын суурь баталгаа болж ирснийг түүхт ойн баярын энэ өдөр Төрийн тэргүүн тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Одоогоос 100 жилийн тэртээ салбарынбодлого, зохицуулалтыг хариуцсан яамыг анх 1924 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Аж ахуйн явдлын яам” нэртэйгээр үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Өдгөөгөөс 100 жилийн өмнө 10 гаруй ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсантус яам өнөөдөр 120 орчим ажилтан албан хаагчтай болж, эх орноо эрүүл хүнсээр хангах, өсөн үржиж, урган төлждөг үндэсний баялгийнхаа үр өгөөжийг арвижуулах, аж үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна.
ХХААХҮ-ийн яамны 100 жилийн түүхийг бүтээлцсэн тус яамны үе үеийн ажилтан, албан хаагчид, малчид, тариаланчид, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын баялаг бүтээгчид болон энэхүү түүхт ойн баяраар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.
Эрхэм нөхөд өө,
Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн түүхтэй.
XX зуун бол монголчууд бидний хувьд Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн зуун байсан. Харин XXI зуун бол эдийн засгийн аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх зуун байх учиртай.
Энэ том зорилгыг ханган хэрэгжүүлэхэд ХХААХҮ-ийн салбарын хамт олон манлайлан ажиллах учиртай.
Өмнөх зуунд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байсан хэдий ч 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн цаг үед ихээхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж, хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байсан.
Тухайлбал, 1980-аад оны сүүл гэхэд манай улсын эдийн засгийн 40 орчим хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 15 хувьтай байна.
Цаашлаад энэ салбарын экспорт 2024 оны байдлаар манай улсын нийт экспортын дөнгөж 5 хувийг эзэлж байна.
Түүнчлэн монголчууд бид өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гадаадаас худалдаж авахад 2.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.
Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засаж, амжилтаа ахиулж, эх орондоо уламжлалт хөдөө аж ахуйн баялгаа бүрэн дүүрэн боловсруулж, үр өгөөжийг нь хүртэх учиртай.
Цаашлаад цар тахал, геополитик болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улс орон бүрийг дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа онцгой анхаарахыг сануулсаар байна.
Ялангуяа, манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах гол тулгуур баталгаа бол дотоодын аж үйлдвэрлэлээ тууштай дэмжиж, ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧ орон болох явдалюм.
Тиймээс төр засгаас уг салбарт онцгой анхаарал хандуулж, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд байгаагүй төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан Алт”, “Атрын 4” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байна.
Зарим нааштай эерэг үр дүнгүүд ч эхнээсээгарч байна.
Тухайлбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 220 тэрбум төгрөгийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээл, санжүүжилтийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуй нэгж, баялаг бүтээгч нарт олгосон.
Үр дүнд нь 39 хүнсний шинэ үйлдвэр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1500 орчимшинэ ажлын байр бий болсон гэсэн мэдээтэй байна.
Мөн ноос, ноолуур, арьс ширний боловсруулалт болон үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлэх, импортыг 1 тэрбум ам.доллароор бууруулах, 8000 гаруй шинэ ажлын байр бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөнийгсанаачилж, улс орон даяар хэрэгжүүлж байгааг Та бүхэн мэднэ.
Уг хөдөлгөөний хүрээнд боловсруулах хөнгөнүйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр байгуулах, кластер, цогцолборуудыг бүсчлэн байгуулах, ноос, ноолуур, арьс ширээр хийсэн бараа, бүтээгдэхүүнээ гадаадад суртачлан таниулах, бренд бүтээгдэхүүн болгох зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.
Дээрх үр дүнд хүрэхийн тулд “Цагаан Алт” хөдөлгөөний хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгож байгаа бөгөөд өнгөрсөн 2 сарын хугацаанд 82 аж ахуй нэгж, 300 орчим тэрбум төгрөгийн зээл, санхүүжилтэд хамрагдаадбайна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд оёдол, тавилга, модон эдлэл, гэр үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, хог хаягдлыг дахин боловсруулах болонгоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн цөөнгүй салбарууд хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Дээрх зарим бодит үр дүн гарахад салбарын ажилтан, албан хаагчид, малчид, тариаланчид, хөнгөн аж үйлдвэрийн баялаг бүтээгчид болонбанк, санхүүгийн салбарын төлөөлөл Та бүхнийхүчин чармайлт, манлайлал, хамтын ажиллагаахамгийн чухал үүрэгтэй байсныг онцлон тэмдэглэж байна.
Цаашид Монгол Улс дэвшилтэт техник технологи, инновац нэвтрүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай байгаль орчинд ээлтэй,тогтвортой хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ёстой.
Юуны өмнө бүсчилсэн хөгжлийн хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан Алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг өөр хооронд нь нягт уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг яаралтай сайжруулах шаардлагатай байна.
Мөн татвар, татаас, урамшуулал, санхүүжилт, даатгалын тогтолцоогоо сайжруулах, байгаль орчин, газар тариалан, мал амьтанд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлэх, малын эрүүл мэнд, гарал үүсэл, чанарын тогтолцоогоо нэн яаралтай засаж сайжруулах ёстой.
Түүнчлэн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ төрийн худалдан авалтаар бодитой дэмжих,экспортын гэрээ хэлцэл байгуулах, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх зэрэг асуудалд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм.
Үүний зэрэгцээ салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, богино хугацаанд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургах шаардлагатай байна.
Дээрх бодлого, зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Та бүхэн улам эрч хүчтэй, үр дүнтэй, хамтранажиллах явдал юу юунаас илүү чухал юм.
Эрхэм нөхөд өө,
Манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог салбар билээ.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыгэрчимтэй хөгжүүлснээр монголчууд бид эдийн засгаа төрөлжүүлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлж, Монгол хүн бүрийн амьдралын чанар сайжрах нөхцөл боломж бүрдэх юм.
Тиймээс олон мянган жил нүүдлийн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл эрхэлж, дотоодын хэрэгцээгээ зохих түвшинд хангаж ирсэн монголчууд бид энэ зуунд ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧ орон болж, гадаад зах зээл рүү гарахын төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэнд уриалж байна.
Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам байгуулагдсны түүхт 100 жилийн ойн мэндийг дахин хүргэе!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
