Сэлэнгэ аймаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгээрээ бусад аймгаас онцлогтой.
Өнөөдөр хүнсний аюулгүй байдал нийтийн анхаарлын төвд байгаа энэ цаг үед Сэлэнгийн цэвэр хөрсөнд ургасан бүхий л тариа будаа, ногоо, жимс экологийн цэвэр, химийн бордоо бодис агуулаагүй баталгаатай хүнс гэдгээрээ давуу.Тус аймгийн хэмжээнд өнөөдөр үр тарианы 304 аж ахуй нэгж газар тариалангийн ажил эрхэлж байна. Тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн Монцамэ агентлагийн ярилцлагыг хүргэж байна.
Эдгээрийн нэгэн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК-ийн тариаланчид тариалалтын шинэ аргыг энэ жил туршжээ.
Тус хамт олон гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхээр зорьжээ. Газар өгөөжийнхөн энэхүү шинэ аргаа энэ жил анх удаа 3000 га талбайд туршсан нь талаар болсонгүй. Буудайн болц сайн байгаагийн дээр нэгж га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан тооцоо биелжээ. Энэ талаар тариаланч Р.Болорсайхан: ”Бидний шинэ туршилтын онцлог нь цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4 дүгээр сарын эхэн, дунд үед бага нормоор тариалалт хийх арга байгаа юм.
Ингэж тариалахдаа хөрсөндөө ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ ч давуу талтай” хэмээв.
УРГАЦ ӨНДӨР, ХАДГАЛАЛТ САЙН ДААДАГ СТУРОН СОРТЫН СОНГИНЫГ НУТАГШУУЛАВ
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 199 иргэн, төмс, хүнсний ногооны 33 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн дотроос өөрийн хөдөлмөр, хийсэн ажлаараа онцгойрч яваа нэгэн ногоочин бүсгүйтэй уулзлаа.
Тэрээр ил талбайд шинэ сортын хүнсний ногоо тариалж, нутагшуулсан амжилтаар энэ жилийн ХХААХҮЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” уламжлалт үйл ажиллагааны шилдэг ногоочны шагналыг хүртжээ.
Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгаас 80 гаруй ногоочин, иргэд, хоршоологчид оролцсон байна. Тэд 32 нэр төрлийн хүнсний ногоо, 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдэд үйлчилж, нийт 204.110.000 төгрөгийн борлуулалт хийжээ.
Ингээд газар тариалангийн бүс нутгийн дэвшүүлсэн зорилтот нийцүүлэн агротехникийн норм нормативыг чанд мөрдөж, нэгж га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, шинэ сортыг нутагшуулах, хүн амыг эрүүл аюулгүй, чанартай хүнсээр хангахын төлөө зүтгэж яваа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, Монгол Улсын аварга ногоочин Д.Болортуяатай хийсэн ярилцлагаа хүргэе.
-Юуны өмнө танд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, ил талбайд нутагшуулсан шинэ сортын ногоогоо амжилттай тарьж ургуулан зорьсон зорилгодоо хүрсэнд талархал илэрхийлье.
-Баярлалаа.
-Ногоочин болсон түүхээ хуваалцаач. Хэчнээн жил газар ээжийн өгөөжөө хүртэн ажиллаж байна вэ?
-Би анх 2010 онд ногоо тарьж эхэлсэн. Энэ сайхан өгөөжтэй ажил руу намайг С.Бат-Эрдэнэ гэдэг ах хөтлөн оруулсан юм. С.Бат-Эрдэнэ ах тухайн үедээ “төмс, хүнсний ногоо удахгүй манай суманд эрчимтэй хөгжинө өө” гэж хэлж байсан. Энэ бол алсыг харсан том хөрөнгө оруулалтыг надад өгч байжээ. Би түүний ачаар энэхүү газар тариалангийн салбарт хөл тавьж, сайн сайхан явж байна. Төдийгөөс өдийг хүртэл сайн зөвлөгч, хамтрагч, бас шүүмжлэгч минь байдаг С.Бат-Эрдэнэ ахдаа баярлалаа. Түүнээс хойш уйгагүй хөдөлмөрлөсөн 12 жилийн хөдөлмөр минь өнөөдөр намайг олон сайхан амжилтын эзэн болгосон. Мөн 12 жилийн турш ачаа тээврийг минь амжуулж байдаг Б.Баясгалан найздаа, хамтран ажилладаг бүх нутгийнхаа иргэдэдээ баярлалаа гэж хэлье.
-Хэчнээн га талбайд хэдэн төрлийн хүнсний ногоо тариалж байна вэ?
-Манайх 15 га эргэлтийн талбайтай. Эндээ лууван, сонгино, саримс, бага зэрэг төмс тарьдаг. Мөн өргөст хэмх, тарвас, манжин, хулуу зэрэг нарийн ногоо тариалдаг. Харин байцай огт тарьдаггүй.
-Хүнсний ногоо тариалах бол нарийн ажиллагаа шаарддаг ажил гэж боддог. Та тариалалтын ажлаа хэдийнээс эхэлдэг вэ?
-Бидний ажил хавар 4 дүгээр сарын 15-наас газраа бэлдэхээс л эхэлдэг. Мэдээж арвин их ургац хураан авахын тулд “эхлээд тархиндаа ургуулж байж, газарт ургуулна” гэсэн тариаланчдын үг байдаг. Яавал 1 га талбайгаас хэрхэн өндөр ургац авах вэ гэдгээ өвөлжин бодож байж, үрээ гаргадаг.
Хүнсний ногоо бол хөрс их голж ургадаг, арчилгаа маш их шаарддаг. Яг л нялх хүүхэд өсгөж, бойжуулахтай адил. Бараг түүнээс ч нарийн арчилгааг хийж байж хүнсний ногоог ургуулж, хурааж авдаг даа. Хөрсний хоолыг нь сайн өгөх хэрэгтэй. Халуун хүйтэн, чийг, нар салхи бүгд таарсан нөхцөлд хүнсний ногоо сайн ургана.
Ингээд хаваржин гэрт орох эрхгүй гадаа талбайд ногоогоо тариалаад, зун нь арчилж тордоод, намар хурааж авдаг. Бидний ажил 10 дугаар сарын 15 гэхэд л дуусна. Ногооны ажил хугацаатай. Төрөл зүйлээсээ шалтгаалаад эрт, орой янз бүрийн байдлаар ургацаа тарина, хураана. Тэгээд ер нь 4 дүгээр сараас хойш бүтэн 6 сар ногооны талбайд амьдарна даа. Миний тарьж байгаа энэ хүнсний ногоог бүдүүн ногоо гэдэг. Нарийн ногоог бол хүлэмжид, тусгай тариалалтын горимд тариалдаг онцлогтой байдаг.
-Намрын ногоон өдрүүд үйл ажиллагаанд хэчнээн төрлийн ногоогоор нийслэлийн иргэдэдээ үйлчлэв. Ашиг орлого хэр байв?
–Би нийслэлчүүддээ 9 нэр төрлийн, 8 тонн хүнсний ногоогоор үйлчилж, 62 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Мэдээж хавар, зун, намаржин хөлсөө дуслуулан гадаа гандаж, хөдөө хөхөрч зүтгэсэн хөдөлмөрөө ченжийн гараар хямд өгөхийг бодоогүй. Өөрөө лангуун дээр зогсож байж, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт шууд нийлүүлсэн. Миний хураасан ногооны дийлэнх хувь нь сонгино, саримс учраас үүнийгээ түлхүү худалдсан.
Тухайлбал 1000 гаруй сүлжсэн саримс аваачиж борлуулсан.
-Та ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж, нутагшуулсан амжилтын эзэн. Ил талбай гэдгийг одоо таны тарьж байгаа задгай талбай гэж ойлголоо. Ийм талбайд ямар төрлийн ногоог нутагшуулав. Энэ их сонирхол татаж байна?
Би Стурон сортын сонгино, мөн үр үржүүлгийн талбайгаас цагаан саримсны үр авч 2 дахь жилдээ нутагшуулан тариалж байна. Манайд орж ирж байгаа сонгино, сариисны үр нь хар үрээр биш, төлөөрөө орж ирдэг учраас өөрөө үрээ нөөцөлж дараа жил тариалах боломж байдаггүй. Иймээс дараагийн жилүүдэд тариалахдаа дахин үрийн эрэлд гардаг.
Миний тарьж, нутагшуулсан энэ цагаан сармис бол маш өндөр ургац өгдөг, хумсны хэмжээ том, амт чанар сайтай, хадгалалт удаан даадаг давуу чанартай.
Сонгино мөн адил ялзралт багатай, ургац өндөр, хадгалалт сайтай гэдгээрээ давуу онцлогтой.
ЗҮҮНБҮРЭН СУМ НИЙСЛЭЛИЙН СОНГИНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ДАНГААРАА ХАНГАДАГ
-Стурон сортын сонгиноо 2 дахь жилдээ тариалж байгаа гэлээ. Хэр өндөр ургац авав. Та өнгөрсөн жил Улсын аварга ногоочин хэмээх хүндтэй цолыг хүртэж байсан санагдана?
-Тийм ээ. Би 2020 оны аймгийн аварга, 2021 оны улсын аварга ногоочин хүн. Би улсын аварга хэмээх хүндтэй шагналыг сонгины шинэ сортын үрийг тарьж ургуулсан болзлоор хангасан. 2021 онд 3 тонн сонгины үр тарьж, 113 тонн сонгино хурааж авсан. Үүнийхээ 108 тонныг зах зээлд нийлүүлсэн.
Хоёр жилийн өмнөөс энэ 2 төрлийн сонгино, саримсыг нутагшуулан тариалж, өндөр ургац хураан авч байна. Өмнө нь бидний өргөн хэрэглэдэг бөөрөнхий сонгино, зүгээр нутгийн цагаан саримсыг бол 10 гаруй жилийн хугацаанд тариалсаар ирсэн. Бидний өргөн хэрэглэдэг энэ бөөрөнхий сонгины үр бол ОХУ-аас орж ирдэг.
Тариачин хүн тарьж ургуулж байгаа ногоогоо шинэчлэх, иргэд хүмүүст шинэ зүйл төрлөөр үйлчлэх, аль болох чанартай, үр өгөөжтэй, эрүүл мэндэд нэн тустай зүйлээр үйлчлэх хүслийг тээж явдаг. Миний хувьд энэ л зарчмаар эрж хайж, сонсож чагнаж явсаар энэ сонгины үрийг Дархан-Уул аймгийн нэг залуу оруулж ирсэн гэдгийг дуулаад хөөцөлдөж байж очоод худалдан авч тариалсан. Тэр тариалж байсан хүн ийм үр өгөөжтэй гэдгийг бидэнд хэлээгүй. Би шинэ сорт гэхээр нь сонирхоод, ямар ч байсан нутагшуулья гэж бодоод авчирч тарьсан. Миний энэ нутагшуулсан стурон сортын сонгино бол Голландаас оруулж ирсэн, 1, 2 гэсэн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл размер гэсэн үг.
-Манай хөрсөнд хэр зохицон ургаж байна. Амьдрах чадвар өндөр үү? Энэ хоёр сортынхоо онцлог, шинж чанараас тодруулаач?
-Ургах дасан зохицох чадвар маш сайн. Арчилгаа маш багатай сорт байгаа. 1-р сорт нь маш жижиг хэмжээтэй, ширхэг олонтой. Иймээс тарихад маш их гар ажиллагаа шаарддаг. Жижиг учраас багагүй арчилгаатай байсан. Гэсэн ч маш өндөр ургац өгдөг учраас урамтай байлаа. Харин 2-р сорт нь арай том, ширхэг багатай болохоор нөгөөхөө бодвол арай хөнгөн ажиллагаатай. Мөн ургац өндөр, хадгалалт даах чадвар сайтай, ялзрал бага.
Энэ жил 1-р сорт хил гаалийн асуудлаас болоод орж ирээгүй учраас олдоогүй. Тэгээд 2-р сортыг тарьсан. Энэ үр маань том, ширхэг цөөтэй учраас 1 тонн үр тарихад дээд хэмжээ нь 40 тонн, доод хэмжээ нь 20 тонн ургац өгдөг. Би энэ жил 2-р сортын том үрээс 1 тонныг тариад 48 тонн сонгино хурааж авсан.
Энэ сонгины хэлбэр нь бөөрөнхий. Өнгөрсөн жил маш жижиг 1-р размерийг тарьсан. 100 кг үр тариад 10 тонн сонгино авч байсан. Нөгөө талаар тарихад арчилгаа маш бага шаарддаг. Мөн хадгалалт маш сайн даадаг учраас хавар болтол хадгалж болдог онцлог чанартай.
Энэ стурон сортыг ОХУ, БНХАУ-д тариалдаг. Харин Монголд орж ирээд тарьж байгаа боловч удаагүй. Харин Сэлэнгэ аймагтаа анхдагч нь би болж байгаа юм.
Зүүнбүрэн сум нийслэлийн сонгины хэрэгцээний 40 хувийг дангаараа хангадаг онцлогтой.
-Шинэ сортоосоо гадна хэчнээн төрлийн сонгино тарьж байна?
-Нутагшуулсан шинэ сортоосоо гадна штугар гардер, улаан сонгино тарьж байна. Энэ жил нийтдээ 125 тонн сонгино хурааж авсан. Улаанбаатарын зах зээлд 2 жил нийлүүлж байна.
-Эдгээр сонгинуудын хувьд үнийн ялгаа бий юу?
-Бага зэрэг ялгаа бий. Тухайлбал штугар гардерыг 1500, шинэ сорт болох стуронг 2000, улаан сонгиноо 2500 төгрөгөөр борлуулдаг.
-Сонгино, саримс хөрс голдог уу. Ер нь ямар хөрсөнд сайн ургадаг вэ?
-Ер нь бага зэргийн элсэрхэг, хар, өнгөн хөрсөнд ургана. Манай сумын хөрс маш үржил шим сайтай, одоо л хүнсний ногооны үе дөнгөж эхэлж байгаа учраас хөрсний шим тэжээл алдагдаагүй маш сайхнаараа байгаа. Тэр дундаа хэт халуун биш сэрүүн талдаа уур амьсгалтай учраас сонгино, саримс тарихад маш тохиромжтой.
Сонгино саримс усархаг талдаа ургадаг ногоо. Гэхдээ хэт их устай байвал илжирнэ. Үүнийгээ хэрхэн тохируулах нь ногоочин хүний өөрийн мэдлэг, чадвараас хамаарна. Нэг үгээр хэлбэл ногоочин бид чинь цаг агаартайгаа зохицуулж ногоогоо арчилж, тордож ургуулна шүү дээ. Нэг ёсондоо бид Цаг уурчид шүү дээ.
Тарвас, өргөст хэмх бол жаахан хяруу унахад л дуусна. Сонгино сармис бол хяруунд тэснэ. Манай Зүүнбүрэн бол сонгино сармисны орон.
-Сонгино, саримс бол иргэдийн өдөр тутмын хэрэглээ. Хүмүүсийн худалдан авалт хэр нэмэгдэж байна. Жинхэнэ эко ногоо гэдгээ та бүхэн хэрхэн нотолдог вэ?
-Зүүнбүрэн сум сонгино, саримсаараа тэргүүлдэг. Манайд маш олон иргэн ногоо тарьж байна. Бид маш олон шалгуур, хяналт шалгалтыг давж гарч байж борлуулалтын лангуун дээр очдог. Сэлэнгээсээ гарахдаа л шинжилгээнийхээ бичгийг аваад, химийн бодис байхгүй, ямар ч төрлийн хортой бордоо хийгээгүй, малын бууцаараа бордсоноо Мэргэжлийн хяналтын газраар оруулж шалгуулаад, баталгаатай хүнс гэдгээ нотлуулаад Улаанбаатар явдаг. Очоод мөн Улаанбаатарын Мэргэжлийн хяналтын газрын шалгалтад ороод борлуулалтаа хийдэг.
Сонгино бол ердийн хоолны хэрэглээ. Саримс бол эрүүл мэндэд маш сайн, вирусний эсрэг цус шингэлнэ. Дархлаа сайжруулдаг. Өнөөдөр зах зээл дээр саримсыг их хэмжээгээр авдаг болсон. Бидний хөдөлмөр гар ажиллагаа ихтэй учраас ихээр тарих боломж байдаггүй. Учир нь хурааж дийлэхгүй болно. Энэ ч утгаараа жинхэнэ эко гээд байгаа юм. Энэ том том компаниуд бол техникийн хүчээр хортой химийн бодис хэрэглэдэг. Иймээс улаан гараараа эко хүнс үйлдвэрлэж байгаа бидэн шиг жижиг ногоочдыг дэмжиж маш олон болгох хэрэгтэй.
-12 жилийн хөдөлмөр гэдэг бол багагүй хугацаа. Энэ хооронд их ч дадлагажиж, туршлагатай болж, мэдлэг, мэдээлэл олж авсан байх. Шавь бий юу, Сумандаа ажлын байр гаргасан уу?
-Хүнсний ногоо тариалах ажил бол олон хүн шаарддаг, гар ажиллагаа ихтэй, хүнд хөдөлмөр. Иймээс их хэмжээгээр тарьж болдоггүй.
Миний хувьд жилд нэг хүнийг дагалдуулж ногоо тарихад сургадаг. Одоо 10 шавьтай. Зүүнбүрэн сумынхаа иргэдийг ажлын байраар хангаж, хөлсийг нь өдөр өдөрт нь бэлэн мөнгөөр өгдөг. Мөн өндөр настнуудад анхаарал тавьж, хандив тусламж өгөх, олон нийтийн үйлсэд дэмжлэг үзүүлэх гээд ниймийн харилцаанд сайн оролцдог. Тухайлбал хавар, намрын ид ажлын үед хөдөлмөрийн тасралтгүй 15 өдөрт, өдрийн 40 мянган төгрөгөөр хүмүүсийг цалинжуулж ажиллуулдаг. Тэдэнд цалин өгөхөөс гадна өдрийн хоол, унаагаар үйлчилдэг.
-Та цагаан саримс нутагшуулсан гэлээ. Зүүнбүрэн чинь цагаан саримсаар алдартай сум биздээ. Шинэ сортын саримсны онцлог давуу чанар юу вэ?
-Жилээс жилд амьдрал минь дээшилж байна. Олон хүнийг ажилтай, орлоготой болгож байна. Энэ сайхан өгөөжтэй ажилдаа дурлаж, хүчээ зориулан, тэнгэрээ дээдэлж, газраа шүтэж явдаг даа. Манай Зүүнбүрэн сум нутгийн цагаан саримсаар алдартай. Олон жил тариалж байгаа энэ үрээ шинэчилж, цагаан саримсны шинэ сортыг нутагшуулаад тариалж, ашиг шимийг нь хүртлээ. Саримс болохоор яг тийм сорт гэсэн нэр байдаггүй. Цагаан саримсны шинэ сортоор хүч сэлбэсэн. Энэ жил би 100 кг үр тариад 2500 тонн саримс хураан авсан. Энэ саримсны онцлог гэвэл мөн ургац маш өндөртэй, хумс томтой, амт чанар сайтай, хадгалалт маш сайн даах чадвартай.
Бид ээлжилж тарих системийн дагуу хөрсөө хамгаалж, сэлгэн тарьдаг. Тухайлбал лууван тариад, дараа нь сонгино тарих, тэгээд хулуу тарих гэх мэтээр.
-Та бүхний ажлын онцлог бол улирлын чанартай. Иймээс одоо өвлийн улиралд ичээндээ орно гэсэн үг. Энэ хугацаанд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Тийм ээ. Улирлын чанартай. Ийм учраас бид энэ ажилгүй байх үедээ гадаад явж туршлага судлах маш их хүсэлтэй байна. Сая манай суманд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 60 хүлэмж авчирч өгсөн. Бидэнд хүлэмжид ногоо тарих ямар ч мэдлэг, чадвар байхгүй. Үүнд бид явж суралцан, нүдээрээ харж, туршлага судалж ирээд энэ хүлэмжээ жинхэнэ утгаар нь ашигламаар байна шүү дээ. Хүлэмжийн ямар ч мэдлэггүй хүмүүст хүлэмж байгаад нэмэр алга байна. Бид чинь ил талбайн ногоочид шүү дээ.
-Та бүхний өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Бид сургалтад хамрагдаж, хүлэмжийн нарийн ногоог тариалах арга барилыг эзэмших хүсэлтэй байна. Нөгөө талаас бид төрөөс дэмжлэг болгон өгдөг ногооны урамшуулалд хүрдэггүй. Ялангуяа хөдөөний бидэнд 3 хувийн зээл огт олдохгүй, өндөр хүүтэй зээл авч ногоогоо тарьдаг.
3 сараас хүлэмжийн ногооны ажил эхэлдэг. Гэтэл бид одоо 10 сараас эхлээд ажилгүй зогсоно. Энэ үеийг ашиглаад л Солонгост очоод 2 сар ажиллаад ямар үрийн шинэчлэлт, ямар техник хэрэглэдэг, хүлэмжид хэрхэн тариалдаг арга туршлагаас суралцаад ирэхийг маш их хүсэж байна.
Ядаж л эхний ээлжинд таван хүн хүлэмжид тариалах арга ухаанаа сураад ирэхэд цаашаа өөрөөсөө гадна 5, 5 хүнд зааж сургаад ажиллах бүрэн боломжтой. Хүлэмжид тариалах нарийн ногоонд нарийн ажиллагаа шаарддаг. Ногоо бүхэн тарих өөр өөр арга технологитой байдаг. Иймээс ногоочин бүр хүлэмжийн ногоо тарьж ургуулж чадахгүй. Өмнө бид ил талбайдаа төмс, байцай, лууван, манжингаа тариад л хэрэглэсээр ирсэн. Харин одоо бол хөгжил дэвшил, даяаршилтай холбоотой гадны улс орнуудаас олон төрлийн шинэ соргог хүнсний нарийн ногооны нэр төрөл орж ирж байна. Энэ бүхнийг тарих мэргэжлийн хүн огт байхгүй байна шүү дээ. Бид чинь бор зүрхээрээ амьдралын туршлагаараа суралцсан хүмүүс.
-Нэгж га-гаас хамгийн өндөр ургац хураан авч байсан үеэ сонирхуулахгүй юу? Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл ногоочдод хэр тааламжтай байв?
-Энэ жил нэлээд усархаг ч гэсэн ихээхэн таатай жил боллоо. Ногоо бүр өөр өөрийн онцлогоос шалтгаалан нар, хур, салхи, дулаан, чийгийг шаарддаг. Би нэг жил нэгж га-гаас 55-60 тонн тарвас хурааж авч байлаа. Тарвас бол ус нэг их шаарддаггүй, гантай жилд маш их ургацаа өгдөг, дулаан маш шаарддаг сонин ногоо. Мөн нэг жил нэгж га-гаас 38 тонн лууван хураан авч байлаа. Тэгээд ер нь төрөл бүрд тохирсон арчилгаа, усалгаа, тордолгоог ногоочин хүн өөрөө хийж байж, цаг уурын нөхцөлөө ажиглаж байж л ургуулна даа.
-Цаг зав гарган нөр их ажлынхаа хажуугаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
НОГООЧИД ТӨРӨЛ БҮРИЙН НАРИЙН НОГООГ ТАРИАЛАХ МЭДЛЭГТ СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг гэдэг утгаар аймгийн 17 сум тус бүр өөр өөрийн онцлог шинж, хөрсний бүтэцтэй байдаг. Тухайлбал Мандал сум үржил шим ихтэй, хар хүрэн хөрстэй, нам дор гэдэг утгаар байцай маш сайн ургах жишээтэй. Харин Шаамар сум төрөл бүрийн нарийн ногоо, тэр дундаа алим, өргөст хэмх, зөгийн бал, тарвасаараа алдартай. Мөн Зүүнбүрэн сум гэхэд саримс, сонгиноор, Хушаат сум үрийн төмсөөрөө, Орхон сумын Шийрийн хөндий эрт ургацын шар төмсөөрөө алдартай байх жишээтэй.
Ногоочдын өмнө хамгийн их тулгамддаг зүйл бол хөлсөө дуслуулан тарьсан хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлд анхаарах. Мөн цаашид улам хөгжин дэвших үүднээс нарийн ногоог тарьж ургуулах мэдлэгтэй болоход гадаад, дотоодын сургалтуудад хамруулж, дэмжлэг үзүүлэхийг төр засгаас маш их хүсч буйгаа удаа дараа илэрхийлсээр байна.
Ногоочдын энэхүү хүсэлт биелэлээ олох боломж удахгүй ирэх буйзаа. Учир нь нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллахдаа цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ” хэмээн хэлсэн билээ.
Хотод хаана борлуулдаг хаягаа бичээч
танайх сонгино сармисаа хотод хаана борлуулдаг вэ