Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хувьсгал” сэдвийн дор Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “Атрын шим” ХХК-ийн захирал Х.Баасандоржтой ярилцлаа.
“Атрын шим” ХХК нь 1996 онд Төв аймгийн Сэргэлэн суманд буюу хуучин Нисэхэд төмс, хүнсний ногооны чиглэлээр 5,5 га газарт ажлаа эхэлж байсан. Анх 23 нэр төрлийн гуатаны ургамал болон навчит ногоог туршиж тариалалт хийж явсаар технологийг нь нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна гэж үзсэн тус компани Өдгөө 15 ажилчинтай далд хөрсний үйлдвэрлэлийг 7800 м.кв талбайд үйлдвэрлэж байна. Үүнээс 6600 м.кв талбайд зун, хавар, намрын тариалалтыг хийж, 1200 м.кв талбайг өвлийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна.
“Атрын шим” ХХК нь 2019 онд Хөдөө аж ахуйн зохистой дадлын (ХААЗД) чанарыг улсдаа нэвтрүүлсэн 2 дахь компани болж байсан. 3 жилийн дараа хүлэмжийн аж ахуйн өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, салат навч төрлөөр тариалалт, ургац хураалт, хадгалалт, тээвэрлэлт хийх зориулалт бүхий MNS: 6737:2018 Хөдөө аж ахуйн зохистой дадал хэрэгжүүлэх удирдамж стандартын шаардлагыг ханган дахин баталгаажуулалтаа авс байсан аж ахуй юм. 2005 онд Төв аймгийн харилцаат муж болох БНСУ-ын Канвонгдун мужаас Далд хөрсний үйлдвэрлэл буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх төсөл хэрэгжихээр болж тус төслийг түүний ээж агрономич Х.Баярхүү гүйцэтгэхээр болсноор өдгөө 17 жилийн нүүрийг үзэж байгаа юм.
Өмнөх жилийн ургац арвин байсан уу? Цаг агаарын нөхцөл байдал далд хөрсний үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүлэмжид ургуулан арчилдаг учраас гадна талбайн ургацыг бодвол цаг агаарын нөлөөллийн түвшин арай бага хэдий ч хөрсөн дээр цочир хүйтрэх эсвэл хүчтэй салхи шуурга, аадар бороо, мөндөр зэрэг орох нь маш их эрсдэлийг дагуулдаг. Тиймдээ ч бид агаарын хэмийг тогтвортой байж, цаг агаарын нөхцөл байдал сайхан байгаасай гэж хүсдэг.
2021 онд “Атрын шим” компани 83,8 тонн нарийн ногоо хураан авсан. Үүнээс голдуу өндөр ургац авч байгаа нь улаан лооль /үрлэн/, хулуу, тарвас, өргөст хэмх байна. Өмнө жилд бид 1000 м.кв талбайгаас 21,5 тонн өргөст хэмх хурааж авсан нь түүхэнд байгаагүй амжилт бөгөөд үүнийг бид бараг л байж боломгүй зүйл мэт үзэж байгаа. Энэ нь 1 м.кв талбайгаас 18 кг хүргэж өргөст хэмхийг авсан гэсэн үг. Миний бие 19 жил далд хөрсний үйлдвэрлэлийг судалж ажиллаж байгаа хүнийхээ хувьд ийм арвин ургацыг анх удаа авсан.
-Гадна талбайдаа ямар бүтээгдэхүүнүүд тариалж байна вэ? Шинэ соргог хүнсний бүтээгдэхүүн туршиж үзэж байгаа гэж сонссон…
-Тийм ээ. Анх намайг энэ компаниа аав, ээжээсээ өвлөн авахад төмс, байцай, манжин, цагаан лууван зэргийг тариалж байсан бол миний бие массаар тариалдаг хүнсний ногоог тарьж ургуулах шаардлагагүй гэж үзээд бүдүүн сонгино тарьдаг болсон.
Бүдүүн сонгино нь хар үрийг боловсруулж үрсэлгээ болгон тариалж намар гэхэд чихэрлэг бөгөөд аагтай, амт чанартайгаар хураан авдаг, жил өнжилгүйгээр ургадаг сонгино гэдгээрээ онцлог байдаг.
Ази хоолны ресторануудад нийтлэг буруу байдаг зүйл нь бөөрөнхий сонгиноор сонгинотой махан хуурга хийгээд байдаг. Бөөрөнхий сонгино нь өөрөө төл сонгиноор тарьж ургуулдаг. Төл сонгино гэдэг нь сонгины үрээ нэг жил үрслүүлж бөдөн шувууны өндөг шиг хэлбэртэй болох үед хурааж зооринд хадгалаад дараа жилийн хавар тариалж, намар нь хураан авдаг. Ингэснээр хэт гашуурах, ааграх гээд байдаг сул талуудтай. Үүнээс гадна 2 жил ургуулж цаг хугацаа алдах гээд байдаг. Мөн төл сонгиноо худалдан авч байгаа тохиолдолд бол 1 кг төл сонгиныг 7000-10000 төгрөгийн хооронд худалдан авч тариалалт хийнэ гэдэг нь өртөг өндөртэй тариалалтдаа орж байгаа юм. Бүдүүн сонгины хувьд 1800-2000 төгрөг байдаг учраас зардал багасч тариаланчид түүнээсээ хүртэх үр өгөөж нь нэмэгдэнэ гэж харж байна.
Өнжчихсөн төл сонгино идэж байхаар үрсэлгээгээр тарьсан сонгино идэх нь илүү шим тэжээлтэй. Хадгалах бүрэн боломжтой таваарын сонгино байдаг юм байна гэдгийг бүгдэд мэдрүүлмээр байдаг.
–Ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна? Зах, худалдааны төвүүдээр шууд худалдан борлуулдаг уу?
-Тариаланчаас хэрэглэгчийн гарт хүрэхийн тулд гуравдагч этгээд буюу бидний мэддэгээр ченж нараар дамжих нь иргэдийн хувьд санхүүгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Иймд бид Номин супермаркет, Саруул зах, Good price худалдааны төвүүдэд гэрээт борлуулагчаар ажилладаг. Ингэснээр бид хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр хүрч байгаагаа болон ямар хадгалалт хамгаалалтын горимд байгааг нь мэдэх бүрэн боломжтой. Биднээс бөөндөж аваад худалдаалдаг ченж нарын гараар дамжуулахгүй байна гэдэг нь иргэдэд боломжийн үнээр шууд бүтээгдэхүүн маань хүрэх юм.
Анх нарийн ногоог монголчууд тэр бүрчлэн худалдан авч хүнсэндээ хэрэглэдэггүй байсан. Миний бие 19 дэх жилдээ хүнсний ногооны чиглэлээр ажиллаж байхад анх 1кг өргөст хэмх 80 төгрөг байдаг байсан. Ази хоолны газарт өөрөө бүх бараагаа аваад борлуулаад явдаг байлаа. 2015 оноос би ингэж их ажиллаж байж яагаад ченжийн хэлсэн үнээр ногоогоо худалдан борлуулах ёстой вэ гэж бодож эхэлсэн. Ингээд л томоохон сүлжээ супермаркетуудтай хамтран ажиллах санал тавьсны дагуу Номин супермаркетад нийлүүлж байна. Номин супермаркет хэрэглэгчдийн гар дээр очих үнийн саналыг бидэнд хүргэж түүнээсээ 85 хувийг манайд өгч, 15 хувийг нь өөрсдийн гаргаж буй зардал, хаягдал гэх мэт зүйлүүддээ зарцуулж тариаланчдаа дэмжиж байгаад үнэхээр талархалтай байдаг.
-Хүнсний ногоогоо дотоодоосоо хангах нь үнэхээр чухал зорилт мөн үү? Зарим хүн бол зах зээл л хангагдаж байвал дотоод, гадаад байх нь нэг их ач холбогдолтой биш гэж үздэг шүү дээ…
-Дотоодоосоо бүх хэрэгцээгээ хангах нь маш чухал. Өнөөдөр л гэхэд бид жимсээ хураагаад савлаад маргааш хэрэглэгчийн гар дээр очих гэж байна. Хөрснөөсөө салаад хамгийн багадаа 12 цагийн дараа хэрэглэгчийн гарт очно, лангуун дээр зарагдахад бэлэн болсон 1-3 хоногийг тооцоолбол хадгалах хугацаандаа яг таарч байгаа юм. Сав баглаа боодлоо ч мөн бид анхаарч чанар стандартын дагуу, хадгалалт горимыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх боломжтой БНСУ-аас оруулж ирдэг бүтээгдэхүүнийг ашигладаг.
Тэгвэл импортоор орж ирж байгаа нарийн ногооны үйл явцыг тооцоолоод үзвэл эхлээд ногоогоо хурааж аваад маргааш нь зах худалдааны төвүүдэд очиж дуудлага худалдаанд орно. Тэндээсээ ялгагдана, сортлогдоно, гарна гэсэн үйл явцад багадаа 3-5 хоног зарцуулна. Хадгалалтын горимд шилжүүллээ ч импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн хил дээр гацахаас хамаараад хамгийн багадаа 10 хонож ирэх тохиолдол ч бий.
Шинэ ногоог бид нутгийнхаа хөрсөн дээр үйлдвэрлэж чадаж байна. Монгол нутагт ургамлын хоол хүнс буюу бордоо нь элбэг байдаг. Тэрхүү бордоогоо хүртэл эх нутагтаа үйлдвэрлээд худалдан борлуулах боломж байхад манай тариаланчид заавал импортын бордоо авч ирж таарах таарахгүйг нь мэдэлгүйгээр авчирч цацдаг. Энэ нь хөрсөө дараа жил ургамал ургах ч боломжгүй болгодог эрсдэлтэй.
“Атрын шим” компани өөрсдөө бордооны үйлдвэртэй урьдны жилүүдэд туршилт болгож өөрсдийн ургамлаа борддог байсан бол өнгөрсөн жилээс Төв аймагт хэрэгцээтэй хүмүүст нь хандивлаж үзэж байна. Бид туршилтын хугацаандаа бордоогоо хэр үр дүнтэй байх тал дээр олон туршилтыг хийж үзсэний эцэст боловсрогдоод гарч байгаа нь энэ юм. Сайн бордоотой болж байгаа учраас хүлэмж дэх ургац хүртэл чанартай стандартын дагуу хүнсний ногоог үйлдвэрлэж чадаж байгаад баяртай байна. Бордооны үйлдвэр юм чинь цаашид худалдаанд гаргах бодолтой байгаа ба дотооддоо бордоогоо нийлүүлдэг байхыг хүсдэг. Тариаланчид хөрсийг шилжүүлэхээс илүү хөрсөндөө хоол тэжээлийг сайн өгч байвал ашиг шимээ маш сайн өгнө гэж боддог.
-Бордооны үйлдвэрийн түүхий эд нь юу вэ?
-Хонины өтөг бууцаар хийдэг.
Манай компанид ажиллахаар ирсэн нэгэн жуулчин хонины хоргол, адууны хомоолыг барьж үзчихээд Монгол Улсад эрдэнэсийн сан байна гэж хэлж байсан. Тиймдээ ч бид ийм сайхан бэлэн баялгаа зөв ашиглах нь зүйтэй юм байна гэж бодсон.
– Хүнсийг дотоодоосоо хангахад оруулж буй таны хувь нэмрийн талаар ярилцья. Ямар бүтээгдэхүүнүүдийг голлон тариалж байгаа вэ?
– Голлон 6 төрлийн ургамал тарьж байна. Жимс жимсгэнэ буюу гуата, салатны навч, гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль /үрлэн/, тарвас зэргийг хамгаалсан хөрсөөр үйлдвэрлэж байна.
Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл гэдэг нь хөрсний чийгийг тогтвортой байлгаж, хог ургамал ургахгүй байхаар зохицуулж, зуны 2 нийлэг хальсан хоёр давхар хүлэмжид 10 сар хүртэл ургацаа өгөхийг хэлж байгаа юм.
Төрөл төрлөөс үйлдвэрлэдэг учраас дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг хангаж байгаагаа сайн мэдэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд гэвэл бидний нийлүүлдэг тоо маш өчүүхэн хэмжээнд очих байх, энэ жилийн хувьд л гэхэд өнөөдрийн байдлаар өргөст хэмх 17 тонн, гүзээлгэнэ 4 тонн, улаан лооль /үрлэн/ 8 тн, салатны навч 10 гаруй тн нийлүүлсэн байх жишээтэй.
Хүлэмж дотор явж байхад онцлог гэмээр хэд хэдэн таримлууд харагдлаа. Лили цэцэг, том хэмжээтэй тарвас, усан үзмийн мод зэрэг байсан. Та үүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч…?
-Хамгийн түрүүнд тарвасаа онцолмоор байна. БНСУ-ын төлөөлөгч манай компанид зочлон ирээд хамгийн амттай тарвасыг гаргах боломтой техник энд байна гэж хэлж байсан. 10 кг хүртэл жинтэйгээр гарч байсан учраас бид хоньтой хүмүүс гэж тариаланчид хошигноцгоодог.
Мөн шинэ таримлыг эрэлхийлж тарьдаг учраас хүнсний ногооны салбараас хоёр шат ахиж лили цэцэг тариалж эхэлсэн. Анх 2014 оноос БНСУ-ын мэргэжилтнүүд Монголд цэцэг тарьж үзэхээр туршилт хийн 2017 оноос талбайд тариалж эхэлсэн. Туршилт амжилттай болсноор эх нутгийнхаа хөрсөнд ургасан таримал цэцгээр “Цэцэгт мэндчилгээ” бэлэг дурсгалын дэлгүүртэй хамтран ажиллаж нийлүүлэх боломжтой болсон.
Хүнсний ногооны тариаланчид цэцэг тарина гэдэг нь түвшин ахиж байгааг илэрхийлдэг юм.
Цаашид үүгээрээ технологийн карт хийх хүсэлтэй байдаг. Энэ нь хэдэн сард лили цэцгийг тариалбал хэдий үед хураан авах боломжтой, хэдий үед эрэлт ихтэй байдаг, цэцэг болж чадах хугацаа гэх зэргийг тооцоолсон гарын авлага мэт зүйл юм.
Мөн навчит ногоо тариалдаг. Төв аймаг харьцангуй хүйтэн байдаг учраас навчит ногооны ургалтад их нөлөөлдөг. Тэрхүү цаг хугацаа, агаарын хэмийг л сайн мэдэрч чадвал арвин ургац авах боломжтой байдаг. БНСУ-д навчит ногоог 90 хоногт хураан авдаг бол Монголд 70-80 хоногт сагсайтал нь ургуулаад хурааж авч болдгоороо онцлог юм.
Усан үзмийг 2013 оноос хойш БНСУ-ын Кангвондун мужаас авч өвлийн хүлэмжид тариалж эхэлсэн. 2016 онд 2 модоо арчилж ургуулж байгаад 50, 60 кг усан үзэм авч байсан. Саруул захад “Атрын шим” гэж логогоо хэвлүүлж савлаад борлуулж үзсэн. Өмнөх долоо хоногт усан үзмийнхээ ургацыг аваад борлуулчихсан учраас харуулах боломжгүй байна. Усан үзмийн мод нь том болсон хойноо үр жимсээ өгдөг юм билээ. Цаашид бол тариалж болохоор боловч ийм төслийг үр дүнгээ үздэггүй хүмүүст өгчихдөг нь жаахан харамсалтай санагддаг. Яг ийм хийж бүтээж байгаа, үр дүнг нь үзээд явж байгаа хүмүүстэйгээ хамтраад ажиллавал томоохон төслүүдийн үр дүн нь сайн байх юм болов уу гэж боддог. Мөн алатари буюу ёлму гэж кимчи хийдэг түүхий эдийг захиалгын дагуу 800 гаруй м.кв талбайд энэ жил тариалсан. Энэ бүтээгдэхүүн захиалгаар гардаг учраас шууд худалдаанд гардаггүй.
-Далд хөрсний үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчдад эрх зүйн орчин, бодлого зохицуулалт нь хэр зөв шийдэлтэй байдаг вэ?
-Юун түрүүнд эерэг талаас бодож талархаж байдаг зүйлсээсээ эхлэх нь зүйн хэрэг байх. Өвлийн хүлэмж эрхэлдэг тариаланчдад маш том хөнгөлөлт өгч байсан нь 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 18.00-06.00 цаг хүртэл эрчим хүчний тарифыг 0 төгрөг болгосон явдал юм. Энэ нь тариаланчид бидэнд томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна өвлийн хүлэмжийн тариалалтыг хийж үзэх гэж байгаа болон энэ хүлэмжийн аж ахуйд эргэлт буцалтгүй орж байгаа хүмүүст түлхэц болж өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Сөрөг тал нь гэвэл газар тариалан гээд ерөнхий масс ойлголтоор бүхнийг авч үздэг. Тэгэхээр далд хөрсний үйлдвэрлэлд гаргаж буй бодлого нь өөр зүг чигт болчихож байгаа гэсэн үг юм. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал гадна талбайд тариалалт хийдэг хүн тариаланчдыг дэмжих хөтөлбөрөөс хавар зээл аваад авсан зээлээрээ багаж тоног төхөөрөмж, үр, шатахуунаа аваад ашиглачихлаа гэж бодоход намартаа ашгаа өгчихдөг учраас нэг жил болоод эргэн төлөх хангалттай хугацаа юм. Харин хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүс хавар зээл аваад хүлэмжээ барьж байгуулдаг, үрсэлгээ болон хөрсөө бэлтгэдэг гэдгээс хамаараад доод тал нь 7 жилийн дараа үр ашгаа өгдөг. 1000 м.кв талбайд хүлэмж барихад 200 сая төгрөг дутдаг гэж бодоход хүлэмжийн аж ахуй нь өөрөө маш их хөрөнгө мөнгийг ч бас шаардаж байдаг. Олон улсыг судлаад үзэхэд хамгийн багадаа 7 жил тэгээд 10 болон 15 жилийн хугацаанд эргэн төлөхөөр байдаг юм билээ. БНСУ л гэхэд 10 хувь нь газар болон эргэлтийн хөрөнгөө тариаланч өөрсдөө шийд гээд 90 хувийг нь санхүүжилтээр өгч хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ дэмждэг байгаа юм. Ингэснээр тэд эрүүл хүнсийг дотоодоосоо хэрэглэж байгаа гэж ойлгож болно.
-Хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэх тухай сүүлийн үед яригдах болжээ. Тэр дундаа “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн эхэлсэн. Та энэ талаар санал бодлоо хуваалцаач?
-Зайлшгүй ярих ёстой, хэлэлцэх ёстой асуудлуудын нэг бол хүнсний аюулгүй байдал юм. 70 хувиас дээш импортоор оруулаад ирвэл хүнсний аюулгүй байдлаа алдаж эхэлнэ. Өөрийнхөө оройн хоолныхоо ширээг хараад үзвэл 60-70 хувь нь нарийн ногоо болсон байна. Сүүлийн жилүүдэд монголчууд уулын хар мөөгийг хүртэл түүж хоолондоо түлхүү хэрэглэж байна. Энэ нь хүнсний ногооны хэрэглээ хүртэл өөрчлөгдөж хувьсаж байгааг илэрхийлж байгаа юм.
Хүнс бол хүний эрүүл мэнд юм. Өнөөдөр Япон болон Солонгос улсыг харахад 65 нас хүрчихээд идэр залуу нас, жинхэнэ хийж бүтээнэ гээд явж байхад Монгол Улсад 65 настай болоод ирэхээрээ ахмад настандаа харьяалагдаж 40-50 насандаа тэтгэвэртээ суугаад эхэлдэг. Хүнсний ногоо үйлдвэрлэгчид бид энэ байдлыг яагаад жаахан ч гэсэн өөрчилж болохгүй гэж гэсэн бодол төрдөг.
Хүнсний үйлдвэрлэл гэж яригддаг анхан шатны байгууллага нь 2 байдаг. Мал аж ахуй, газар тариалан. Энэ хоёрыг л чанартай сайн байлгаж чадвал эрдэс, шим тэжээлтэй хүнсийг монгол хүн хэрэглэх боломжтой. Ядаж л өөрийн биеийн онцлогт тохирсон эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх юм. “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний 93 хувь нь гадны улсаас хамааралтай гэдгийг ойлгоод үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон юм байна гэдгээ мэдрэхэд их гутармаар байсан. Мах, гурил л дотооддоо байдаг юм байна гэдгийг мэдлээ. Тэгвэл хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бид нарийн ногоог нэмээд үйлдвэрлэх нь зөв юм байна гэсэн шийдэлтэй болсон.
-Хүлэмжийн аж ахуйн залуу төлөөллийн хувьд залуусдаа юу гэж хэлж, захих вэ? Мөн танай компани хүлэмжийн технологийг нэвтрүүлэх төвийн хувьд шинээр энэ аж ахуйд орж ирж байгаа төлөөлүүдээ хэрхэн сургаж байна?
-“Атрын шим” ХХК-ийг “Монгол ногоо” төсөл 2018 онд Хүлэмжийн технологийг нэвтрүүлэх төв болгосон Үүний хүрээнд миний ээж Монгол Улсын зөвлөх агрономич Х.Баярхүү жилдээ 5 удаа танхим болон практик дадлагын сургалтыг явуулдаг. Хүлэмжийн аж ахуй эрхлэх нь хүүхэд арчлахтай адил учраас яг л нярай хүүхэдтэй эх дээр хамаагүй зочилж болдоггүй шиг хүлэмжид оруулж туршлага судлуулах хугацааг хүртэл бид тооцдог. Хэрэв нярай үе шиг нь эмзэг үед салхи агаар, олон хүний амьсгал зэргийг мэдэрвэл хөлөрхөнө гэж үйл явц явагддаг. Ингэснээр ургамал өвчилж, гундах аюултай. Агаарын хэм, усалгааг маш зөв тааруулах, үрсэлгээнээс ургацын 70 хувь нь шалтгаалдаг учраас зөв хийх гэх мэт ажлуудыг тухайн сургалтаараа оруулж өгдөг.
Ургацын баярын үеэр ээжийн шавь нар бүтээгдэхүүнээ худалдаад байж байхыг харах бахархмаар байдаг. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Зуунмод хотоо тойруулаад 800 гаруй мод тарьж үрслүүлээд арчилж байна. 2016 оноос залуучууд их хэмжээгээр хүлэмжийн аж ахуй сонирхож эхэлсэн. Анх хүлэмжийн аж ахуйн төлөөлөл гээд л хурал болоод очихоор 60 нас гарсан хүмүүс ихэвчлэн цугладаг байсан бол өнөөдөр цаг үе арай өөр болж байна. Манай улсад хэрэгжиж буй зарим төслүүд үнэхээр хүнээ зөв олдоггүй гэж боддог. Чадахгүй хүндээ хүлэмж барьж өгчихөөд үр дүнгүй байдаг, өвлийн хүлэмж тэр дундаа ямар ч хэрэгцээгүй гэх мэтээр ташаа ойлголтыг бие биедээ өгсөөр байдаг. Зарим хүлэмж бүр тугалын хашаа юмуу агуулах болчихсон байсан дүр төрхийг хүртэл харж байсан. Үүн дээр залуучуудыгаа уриалж залуучууд бид хийж чаддаг, хийх ч болно гэж зоригжуулахыг хүсдэг. Зарим залуус маань цаасан дээр ногоо тариад, амаараа ургуулаад байдаг. Үүнийхээ оронд туршлагатай, хийдэг, бүтээдэг хүмүүсээс очоод асуугаад үр ашгийнхаа тооцоог сайн гаргаад зүтгээд байх хэрэгтэй.
Тарих гэж байгаа ногоондоо тааруулж хүлэмжээ барих хэрэгтэй болохоос хүлэмжээ тарьчихаад тарих ногоогоо сонгодоггүй юм.
Тэр дундаа өвлийн хүлэмжийг хөгжүүлэх үйлсэд залуусыг оролцоосой гэж боддог. Газар дэлхийтэйгээ харьцаж байгаа хүн ургамал шигээ нахиалаад л байна уу гэхээс доошоо ордоггүй юм гэж хэлмээр байна.