Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол орон даяар хэрэгжиж байгаа.
Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэл цаашлаад дэлхийн энтэй томоохон бүтээн байгуулалтыг хийхийг зорьж эх орныхоо эрүүл ирээдүйг цогцлоохыг хүссэн хэн бүхний санаа бодлыг сонссон Хүнсний хувьсгалын нээлтийг 18,19 дэх аймаг буюу Говьсүмбэр, Дорноговь аймагт амжилттай өрнүүллээ.
Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал , Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүн тус аймгуудад ажиллав.
Хүний амьд явах эрх, эрүүл байхын үндэс эрүүл хүнснээс эхтэй. Цаашлаад шимт тэжээллэг, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр хүн амыг хүртээмжтэй хангах нь улс орон оршин тогтнох, тогтвортой хөгжих тулгуур гэж хэлэхэд хэн бүхэн санал нэг биз ээ.
Нийслэл Улаанбаатар хотоос гараад Хүнсний хувьсгалыг эхлүүлэхээр Боржигон овогт торгон тал Говьсүмбэр аймгийг зорин очлоо.
Нөлөө бүхий үйлдвэрлэл хөгжөөгүй ч аймгийнхаа хэмжээнд хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахаар ажиллаж буйгаа илэрхийлэв. Мөн өмнөө барих томоохон үйлдвэрлэл байхгүйдээ ч санаа зовж буйгаа иргэд болон удирдлагууд нуулгүй хэлж байв. Дөрвөн аймгийн есөн сумын хил дээр оршдог газар нутгийн онцлогтой аймаг учраас цаашид үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэх зорилгоор бүх боломжоо ашиглаж үр дүнд хүрч ажиллаж байна хэмээн нутгийн удирдлагууд ярьж байлаа.
Хүнсний хангамж-Аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг цаг үеэ олсон ажил хэмээн хүлээн авсан Говьсүмбэрчүүдийн зорилго тус хөдөлгөөнтэй уялдуулан үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлж аймагтаа төдийгүй экспортод гаргах эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар хөдөлгөөнд нэгдэж буйгаа онцгойлон илэрхийлэв.
Биднийг очиход хоршоодын хөгжлийн нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буйгаа илэрхийлэн “Оорцог элгэн” хоршоо, “ Чойрын гурван богд” хоршоодтой танилцуулсан юм. “Оорцог элгэн” хоршоо нь махны цех болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Үүн дээрээ үндэслэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөнд ч идэвхтэй оролцон ногоон төглийг бий болгохоор зорьж байгаа аж.
“Чойрын гурван богд” хоршооны хувьд 2016 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд аймгийнхаа хэмжээнд мөөг нийлүүлж байгаа бөгөөд эх орны эрүүл хөрсөнд ургасан эко мөөгийг хүнсэндээ хэрэглэж экспортод гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм байна. Яг энэ үед Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хөдөлгөөн маш нөлөө бүхий ажил болж байна хэмээн тус хоршооны үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгээ баяртайгаар хэлж байлаа.
Үргэлжлүүлэн бид нар мандахтай зэрэгцэн зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт Хүнсний хувьсгалын нээлтийг эхлүүлсэн юм.
Аймаг орон нутгийн хөгжил үйлдвэрлэгчдээ дэмжихээс эхтэй хэмээн ам уралдан ярих иргэдийн зүгээс Ковидын дараах Эдийн засгийн хүнд нөхцөлөөс ангижрахад Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөдөлгөөн эдийн засгийн болоод эрүүл хүнс үйлдвэрлэхэд маш нөлөө бүхий санаачилга хэмээн онцолж байв.
“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, малчид тариаланчид гээд “Саран хөхөө “ театраа дүүргэн эгнэн суусан байлаа. Мөн тус хөдөлгөөнд ач холбогдол өгч чих тавин сонсох нь өрнүүн их бүтээн байгуулалтыг хийхийг зорьсон Дорноговьчуудаас харагдаж байв.
Дорноговь аймгийн хувьд газарзүйн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн газар тариалан сул хөгжсөн ч хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж нутгийнхаа хөрсөнд эко бүтээгдэхүүн тариалах нөхцөл бүрдэн ажиллаж байгаагаа дурьдав.
Тус хөдөлгөөний ажлын хэсэг болон аймгийн засаг дарга, иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн үеэр, иргэдийн зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж байгаа ч эдийн засгийн нөхцөл зайлшгүй тулгардаг хэмээв.
Үргэлжлүүлэн бид Дорноговь аймгийн үлгэр жишээ болсон “Мөрөөдлийн говь” ХХК, “Далт мөнгөн шанд” ХХК, зэрэг үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан юм.
“Мөрөөдлийн говь” ХХК нь 2007 онд байгуулагдаж Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайлбал тарвас, сонгино , төмс, лууван зэрэг хүнсний ногоо тариалж аймгийнхаа хэрэглэгчдээ эрүүл хүнсээр хангахыг зорин ажиллаж байгаа ажээ.
Монголын нэрийн тарвасыг хүн бүхэн мэднэ харин “Дорноговийн тарвас” гэхээр төдийлөн мэдэхгүй юм байна хэмээн зарим хүмүүсийн нүдэнд гайхсан харц эргэлдэв. Мөн тус компани “Шанд Эгг” нэрийн өндгөөр аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60-70 хувийг хангаж байгаа аж. Одоогоор 30 мянган тахиатай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 70 мянгад хүргэх зорилго тавин ажиллаж байгаагаа онцлоод , эрүүл хүнсээр эргэлт хийхийг зорьсон “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөнд нэгдэж буйгаа тус компанийн захирал Ч.Баттөгс онцолж байлаа.
“Далт мөнгөн шанд” ХХК нь “Загсгал” цайгаа 21 аймагт нийлүүлэхээс гадна гадны улс руу экспортод гаргадаж аж.
Анх тус цайг үйлдвэрлэгч Д.Должин эмээ “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн анхны зочиноор уригдан орж хэрэглэгчид нь ч андахгүй сайн мэддэг болжээ. Өдгөө үр хүүхдүүд нь түүний бахдам амжилтыг үргэлжлүүлж цайныхаа нэр төрлийг нэмэн монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөж байна. Тухайлбал Монголынхоо хамгийн том гэгддэг нэрийн дэлгүүрүүдэд нийлүүлж 21 аймаг болон гадаад руу ч захиалга авсаар байгаа аж. Тус цайны ашиг тусыг цухас дурьдах нь зүйтэй гэж бодож байна. Загсгал цай нь элэг, ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлж, тамир тэнхээ нэмэгдүүлдэг тустай юм байна.
Ингээд бид Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг Говийн бүсийн 2 аймагт амжилттай өрнүүллээ. Наран ургах зүгийн торгон шаргал говиос Хүнсний хувьсгалд нэгдэж, газар тариалан ургац, мөөг тариалалт, ашиг шим арвин өндөгний үйлдвэрлэл гээд олон зүйлсээр цаашдаа эх орныхоо эрүүл ирээдүйн төлөө нэгдэж ажиллахаа илэрхийлж буй нь бидний хэлж заншсан амьдралыг ажлаар , амжилтыг чармайлтаар гэдэг үгтэй дүйцэж өрнүүн их бүтээн байгуулалт хийх нэг том алхам боллоо.