Төв аймгийн Борнуур сумын харьяат, Монгол Улсын аварга саальчин Дашдоржийн Нацагдоржийг “Редакцийн зочин” буландаа урилаа. Тэрбээр 1988 оноос үхрийн аж ахуйтай холбогдож, өдгөө хувиараа фермер байгуулан нутагтаа аж төрж байна. Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолчтой овог, нэр ижил түүний ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Та 1992 онд буюу 30 жилийн өмнө Монгол Улсын аварга саальчин болж байсан юм билээ. Тэр цаг үеийг эргэн дурсвал юу бодогддог бол …
-Тэр үед би түргэн шуурхай хөдөлгөөнтэй, ёстой л барын аманд гараа хийхээс буцахааргүй залуу байлаа. Ямар ажил байна, бүгдийг л хийдэг байлаа. Түүнээс хойш зах зээлээ дагаад хувиараа фермерийн аж ахуй хэрэглээд явж байна. Мөн сүү, таргаа боловсруулна. Улаанбаатар, Дархан-Уул аймаг чиглэлд явж байгаа хүмүүс манайхыг андахгүй ээ. “Ёстой сайхан цагаан идээтэй” гээд худалдаж аваад л явдаг.
-Үхрээ та юугаар тэжээж байна вэ. Олон төрлийн тэжээл хольж өгөхөөр сүүний амт болон үхэрт сөргөөр нөлөөлдөг үү?
-Уламжлал араг буюу хивэг, өвсөөр л тэжээдэг. Зарим айл шиг пивоны шаараас эхлээд янз бүрийн тэжээл өгдөггүй.
-Улсын аварга саальчин болох болзлоо та ямар үзүүлэлтээр хангаж байсан бэ?
-Жилд нэг үнээнээс 4500 лирт сүү саах ёстойгоос би 4700 литрийг авсан байдаг. Гэхдээ би улсын залуу аварга саальчин цолыг 1989 онд хүртэж, 14 хоног ОХУ-д аялах эрх авч, амарч байлаа. Харин 1992 онд таны хэлж байгаачлан БНМАУ-ын аварга саальчин болж байв. Хэрвээ тэр фермер маань өдийг хүртэл байсан бол улсын баатар ч юм уу ер нь ихэнх цолыг нь хүртэж, энгэрээрээ дүүрэн одонтой байх байсан болов уу. Зах зээл шилжих үед бүх зүйл тарж бутрахаар хүн болгон амьдралаа дээшлүүлэхийн тулд хувиараа аж ахуй эрхэлдэг болсон. Тэр жишгийн дагуу би хувьдаа фермерийн аж ахуй байгуулаад ажиллаж байна даа.
-Одоогийн байдлаар та ямар үүлдрийн үхэртэй байна вэ?
-Манайх 30 орчим үхэртэйгээс саалийн 20 үнээтэй. Нэг удаагийн гаралтаас тус бүрээс нь 5-8 литр сүү авдаг. Өвөл, зун тус бүр арав арваар нь тугаллуулах бодолтой байдаг. Гэвч зохиомол хээлтүүлэг гэдгийг авч ирэхэд хүндрэлтэй байдаг тул болж өгөхгүй л байна. Ирэх гуравдугаар сарын дундаас үхрүүд маань тугалж эхэлнэ. Хар тарлан, сенминтал, Алтайн уул зэрэг сүүний чиглэлийн үхэртэй. Аль болох үүлдэр угсааг нь сайжруулахын төлөө хичээж байна. Гэвч айл айлын үхэртэй манай бух эсвэл айлын бух манайхтай нийлэлдэхээр цөм сүргийн чанар алдагдаж байгаа тал бий. Ямартай ч өөрийнхөө сүү цагаагаа бэлтгээд, илүү гарсныг нь айл амьтанд худалдаад болж л байна.
-Өөрийн хээлтүүлэгч байдаг уу?
-Байгаа. Хар тарлангийн үүлдрийн бухтай. Ер нь би хоёр жил тутамд бухаа сольдог. Цусыг нь холдуулах зорилгоор. Тэгэхгүй бол төлөө хээлтүүлэх гээд байдаг юм.
-Танайх зам дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Бэрхшээл тулгардаг уу?
-Анх энэ хавьд газар олгохгүйгээс эхлээд бэрхшээлтэй зүйл байсан л даа. Ямартай ч аав маань ямар аргаар олсон юм, бүү мэд надад энэ газрыг авч өгсөн. Би фермерийн үйл ажиллагаагаа эрхлээд 26 жил болж байна.
-Суурин болон бэлчээрийн маллагаа хэдээс хэдэн сарын хооронд байдаг вэ?
-Суурин маллагаа арваннэгдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Ферм дотроо байлгана гэсэн үг. Харин бэлчээрийн маллагаа үлдсэн саруудад нь болдог.
-Тань шиг үхрийн фермер ажлуулж байгаа хүн мэр сэр байдаг юм билээ. Уг нь тус тусдаа байснаас нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтарвал дээргүй юу?
-Уг нь тийм. Наанадаж хадлан бордооноос эхлээд ажил их байдаг. Харин бүгдээрээ хамтарвал шаардлагатай зүйлсээ бүрдүүлж болно шүү дээ.
-Та туслах малчинтай юу?
-Байгаа. Гэр бүлийн хүмүүс бий. Сард сая төгрөгөөр цалинжуулдаг. Тэдний хийх ажил үхрээ саана, тэжээнэ, саасан сүүгээ авч ирж нийлүүлэх. Бидэнтэй гэрээ хийгээд ажиллаж байгаа.
-Танайх угийн малчин айл байсан уу?
-Үгүй ээ. Аав, ээж маань сэхээтэн хүмүүс байсан. Аав намын дээд сургууль төгссөн хоршооны дарга хүн байв. Харин ээж нягтлан бодогч мэргэжилтэй.
-Саальчин болох гараагаа хэрхэн эхэлсэн бэ. Эрэгтэй хүн саальчин болсон нь сонирхолтой санагдаад …
-Бүгд Найрамд арчилсан Герман Улс гэж байхад Борнуурын сангийн аж ахуйгаас 20 хүүхэн, таван залууг 1979-1982 оны хооронд Хөдөө аж ахуйн механикчаар сургасан юм. Би сургуулиа төгсч ирээд 800 үнээний фермд механик хийж байгаад гурван жил цэргийн алба хаасан. Ийнхүү цэргээс ирээд хуучин ажилдаа орох гэтэл “Таны орон тоонд хүн ажлуулж байгаа. Саальчин хийж чадна гэвэл орж болно” гэхээр нь “Ажил хүнийг голдог болохоос, хүн ажлыг голдоггүй юм аа” гээд саальчин болж байлаа.
-Анх үнээ саахад ямар санагдаж байсан бэ?
-Чадсан. Нэг жилийн дараа сумын аварга саальчин болж байлаа. Тэр үед нэг үнээнээс жилд 3200 литр сүү авах ёстойг би 3400 болгож ахиулсан. Түүний дараа хувьсгал залуучуудын эвлэлийн хүрэл медаль хүртэж байлаа.
-1992 онд улсын аварга саальчин болохдоо та хэдэн үхэр сааж байсан бэ?
-Саальчин болгонд 25 үхэр улсаас олгож саалгадаг байсан юм. Түүнийгээ л саана. Мөн зохиомол хээлтүүлгээр хээлтүүлэхээс гадна долоон эмэгтэй саальчингийнхаа салаан ахлагч болж байв. Гэвч 1992 онд өмч хувьчлал явагдахад тухайн үед “Тас” корпораци худалдаж аваад 1994 онд үгүй хийсэн. Үндсэндээ биднийг ажилгүй болгосон. Тиймээс би 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа үхрийн фермер ажлуулж байна.
-Эрэгтэй хүн саальчин болсны давуу болон сул тал юу вэ?
-Сул тал гэж байхгүй дээ. Харин ч давуу тал ихтэй. Ядаж гарын бяр илүү учир түргэн саана. Үхрийн тэжээлээ их хэмжээгээр үүрээд л зөөчихнө. Эмэгтэйчүүд бага багаар зөөгөөд хугацаа их алдана шүү дээ.
-Тантай дөрвөн эрэгтэй хүн Германд суралцсан гэсэн. Тэднээс саальчин болсон хүн байдаг уу?
-Байхгүй. Тэс өөр ажил хийгээд амьдарцгаасан.
-Таны нэрний учрыг бас асуумаар санагдлаа. Их зохиолчийн овог нэртэй ижил юм …
-Тийм. Манай удамд бөх, зохиолч хүн байсан юм билээ. Аав маань намайг бичгийн хүн болно байх гэж бодсондоо энэ нэрийг өгсөн гэдэг. Харин төрсөн ах маань сумын заан цол хүртсэн ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа.