Монгол Улсал шинжлэх ухааны албаны эмнэлгийн албаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй
“Мал эмнэлгийн үйлчилгээ, шинжлэх ухааны ололт, хөгжлийн чиг хандлага”
сэдэвт онол, практикийн хурал өнөөдөр Кемпински зочид буудалд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, малын эмч, үржлийн албаны үе үеийн ахмадууд, эрдэмтэд, ажилтан албан хаагчид оролцлоо.
Арга хэмжээг нээж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа үг хэллээ. Тэрбээр,
“Хүндэт зочид төлөөлөгчид өө
Та бүхэндээ Монгол Улсад мал эмнэлгийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг дэвшүүлэн мэндчилье.
Хүн төрөлхтөн мал, амьтныг гаршуулан маллаж, хоол хүнсээ бэлтгэж, эдэлж хэрэглэж эхэлсэн тэр үеэс тэдгээрийг гэмтэл, өвчин эмгэгийг эдгээж, анагаах мэдлэг чадварт суралцаж эхэлсэн байдаг. Бидний өвөг дээдэс маань бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж, мал амьтныг адгуулан маллах, унаж эдлэх, анагааж, эрүүлжүүлэх асар арвин мэдлэг туршлагыг хуримтлуулан хөгжүүлж ирсэн байна.
Ардын Засгийн газрын шийдвэрээр 1923 оны 4 дүгээр сард Сангийн яамны дэргэд “Мал эмнэлгийн хэлтэс”, улмаар мөн оны 8 дугаар сард “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсанаар манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мал эмнэлгийн түүх эхэлсэн байдаг. 1923-1940 онуудад улсын анхны мал эмнэлгийн хэлтэс, тасаг, салбар, сургууль, биобэлдмэлийн үйлдвэр зэрэг байгууллагууд үүсэн байгуулагдаж, үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэж, малын өвчин эмгэгтэй тэмцэх ажил эрчимжсэн байна.
Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн, судлаачид, малын эмч нарын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд 1950-иад онд үхрийн мялзан, ямааны годрон, 1960-аад онд үхрийн цээж, хонь, ямааны цэцэг өвчнийг устгаж, шүлхий, боом, галзуу болон паразиттах өвчний гаралтыг ихээхэн багасгажээ.
Мал эмнэлгийн салбарт амжилт олоход хуучин ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын тусламж, дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Монгол Улсын мал аж ахуйн салбарын удирдах дээд байгууллага нь 100 жилийн өмнө тэр үеийн Сангийн Яам, Мал ба Тариалангийн яамнаас эхлэн өнөөгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын эрхлэх ажлын хүрээнд биеэ даасан тогтолцоотой болон өргөжин, хөгжиж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирлээ.
Монгол улсын мал эмнэлгийн тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэн оновчтой болгох, малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тэмцэх арга хэмжээг чанаржуулах талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас удаа дараа буюу 2010, 2012, 2015,2019 онуудад өгч байсан зөвлөмж, дүгнэлтүүд өгч байсан.
Улсын Их Хурлаас “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Малын эрүүл мэндийн тухай” хуулиудыг 2017 онд батласнаар өнөөгийн нөхцөлд мал аж ахуйн салбарыг эрхлэн хөтлөх, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах, мал үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулахад ихээхэн түлхэц болсон юм.
Энэ үеэс эхлэлтэй, эдүгээ хүртэл хугацаанд туулж ирсэн, туурвиж бүтээсэн түүхийн их өртөөлсөн нүүдлээр шинжлэх ухаанаар үйл ажиллагаа нь улам бүр төгөлдөржин, хоёр зууныг дамжсан арвин их хөдөлмөр, бүтээлийн үр шимээр 100 жилийн ойгоо угтан, олон олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх гол салбар бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд тогтвортой өсөн нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 13.0 хувийг, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна.
Мал аж ахуйн салбар нь боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр, хүн амыг баталгаат, аюулгүй хүнсээр хангах, экспортын шаардлага хангасан мах түүхий эдийг үйлдвэрлэх Монголчуудын уламжлалт бөгөөд үнэ цэнэ нь улам өсөх ирээдүйтэй салбар юм.
Бэлчээр, тэжээл, усны хязгаарлагдмал нөөцтэй, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон эрсдэлгүй мал аж ахуйг бий болгох, үүнд тулгуурлан малын чанар, эрүүл мэндийг сайжруулан хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх нь мал аж ахуйн хөгжлийн тулгуур асуудлын нэг бөгөөд эдгээр асуудлыг шийдэх нь зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон мэргэжлийн байгууллагын үүрэг биш, харин малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны үр дүн байх ёстойг онцлон тэмдэглэж байна.
Малын эмч судлаачид, эрдэмтэн та бүхэн нэгдмэл санаа бүтээлч санаачлага нягт хамтын ажиллагааг өрнүүлэн энэхүү их хурлаараа мал эмнэлгийн шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх үнэтэй санал зөвлөмжөө харилцан ярилцаж , дараагийн 100 жилд хийж бүтээх ажил, арга хэмжээний саналаа гарах шийдвэрийн төсөлдөө тусган түүнийгээ шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон нэгдмэл байр суурьтайгаар Монголын мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна.
Та бүхэнд амжилт хүсэж, Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй “мал эмнэлгийн алба” үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэе.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.” гэлээ.