Монгол олон сая малтай, далай шиг их газартай байж хүнсээ импортолдог, малын ноосоо ашиглаад, органик дулаан хувцас хунар хийж эдлэх бүрэн боломжтой ч тэгдэггүй гээд би шүүмжлэн бичдэг. Өмнөх нийтлэлд Австри, Британийн фермерээс жишээлсэн нь тэнд тийм туршлага байна гэсэн шууд утгаар бус тэнд боломж нь хязгаарлагдмал, газар бэлчээр хүрэлцэхгүй атал тэд яагаад болгоод байна вэ, бид юугаараа дутчихаад хөгжил нь ядуурал, ажилгүйдэлтэйгээ хутгалдчихсан юм бэ гэсэн санаа л даа. Нэг үгээр монголчуудынхаа хорыг малтаж шарыг гозолзуулан ажиллуулах (гэгээнээр бол хөдөлмөрлүүлэх) гэсэн санаа!
Ингэж ажиллуулахад төр-засгийн албадлагын багахан бодлого л дутаад байна гэж би үздэг, үзэх ч болно. Төр-засгийн гэж ерөнхийлөхгүйгээр ЗАСГИЙН ГАЗАР гээд шууд нэрлэчихье. Ард түмнээрээ ажил хийлгэж, ажлынх нь үр дүнг үнэлэн цалинжуулж (мөнгөжүүлэх), амьдралыг нь өөд татуулах маш олон яамд, агентлаг, албад, бас үүрэг Засгийн газарт байдаг учраас би тэгж хэлээд байна.
Хаа холын Австри, Британийн фермерээ больё, энүүхэн хаяанд “орос ах нар”-аасаа суралцуулахаар хор маажсан бас нэгэн нийтлэлээ дор буулгая.
Нийслэлийн гэр хороололд яндангийн утаа баагиулдаг 230 мянган өрх байдаг гэсэн нэгэн тоо хоёр гурван жилийн тэртээ явж байсан даа. Үнэн байх. Одоо өссөн үү гэхээс хорогдоогүй. Нэгэн сайд ам халж дэмий яриад огцорч байсан даа. “Улны иргэд” гэж нэрлэснээс болсон. Тийм иргэд гэр хороололд бугшсан гэлцэх юм билээ. Ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, архидалт, золбин тэнэмэл амьдрал, эко хорлол гэр хорооллын 230 мянган өрхийн иргэдээс л үүдэлтэй гэж би гөрддөг. Худлаа биш. Очоод үзэцгээ. Нүхэн жорлонгоос хальсан баас шээс, ил задгай хаясан үнс, хог, яндангаар нь уугих хүхрийн хүчил голлосон хорт хий, энэ бүхнийг яаж ч өмгөөлөөд үгүйсгэж чадахгүй, энэ бол улны иргэдийн үйлдэл.
Улаанбаатарын гэр хорооллын хашаанд нь ургадаг нь шарилж. Хашаанд нь тариалсан юу ч байхгүй, халцгай газар. Хүний гар хөл, хөдөлмөр орсон бүтээл гэвэл амбаар ба таван ханатай гэр нь байна. Хашаанд Приус байна. Унаад гардаг. Үүнийг би дэвшил гэж үздэггүй. Гар утас, зурагт, хөргөгч байдаг байх. Түүнийгээ эрхбиш өөрсдөө эдэлдэг, төлдөг байх. Тэр бүхнийгээ хөдөлмөрт тооцоод ялархчихсан байгааг л би шүүмжилдэг.
Гэр хорооллын 100 өрхийн ганц хоёр нь арчаатай, амьжиргаатай. Бусад нь яг байгаа оригоороо. Хийсэн бүтээсэн, гайхуулах, үр хойчдоо үлдээх юу ч үгүй хорвоогийн бор саарал өдрүүдийг хоног тоолон өнгөрөөж байна. Нийгмийн халамж горьдоостой, улс төрчид ба олигархи гэгчдэд өсөрхчихсөн.
Гэр хорооллын хүнсний дэлгүүрээр дүүрэн өрийн бичиг баримт гээд ТВ-ээр үзүүлж байх юм. Үхэж сөнөж дуусдаггүй архичдын арми гэр хороолол болгонд бэлчээстэй хэвээр л байна. Тэгээд бас тэрхүү “230 мянга” дээр хөдөөгөөс нэмж нүүж ирсээр байгааг юу гэхэв. Яг бодитой дүр зураг ийм л байна.
Одоо тэгэхлээр ганцхан гарц байна. Муусайн хятадуудыг дуурайхаа больё (үсрэнгүй хөгжиж босож ирсэн Хятадаа хая аа, хая!), харин хамгаас хайртай ОРОС АХ НАР-аа л дуурайя. Шууд хуулбарлая.
Миний уриалга: Монголчууд аа, орос ах нараа дуурайж амьдаръя, ядуурлаас түргэн гаръя гэвэл орос ах нараа дуурайя, дахин хэлье монголчууд аа!
Оросын гэр хороолол буюу “Деревня” гэх жижиг суурин Сэлэнгэ аймгийн төмөр замын дагуух ганц нэг хотуудад дээхнээ байсан даа. Үлдэгдэл нь байгаа гэж найдъя. Тэднийг л үг сүггүй хуулбарлачихъя. Мэдээж монгол гэртээ аж төрнө, хашаагаа л тосгоны оросуудынх шиг болгочих.
Бүр энгийнээр тайлбарлая. Хэрэв 230 мянган орос маягийн хашаа гэж төсөөлбөөс (нүдээ аниад хий юм төсөөл дөө) нийслэлийн гэр хороолол тэр чигтээ нов ногоон ой байх болно. Богд уулаар ч яадаг юм болно. Агаарын бохирдол “О” заана. Гал түлнэ, мэдээж. Айлын хашаа болгонд байгаа ногоон ой нь утааг нь шингээчихнэ. ЭКО талаас нь тэгж төсөөлье. 230 мянган хашаанд 230 мянган мод тарина, түүнийгээ ургуулна, тордоно, үржүүлнэ. Үржүүлэхээр нөгөөх нь ёстой тэлж өгнө.
Орос айлаар төсөөлөх юм бол хашаагаараа дүүрэн хүнсний ногооны талбай, гишгэх газаргүй болтлоо, битүү. Оросын бүх тосгоны туршлага гэхгүйгээр энүүхэн хойшоо Хиагт, Буриад, цаашаа Байгаль нуурын эргээр тосгон болгон бараг иймэрхүү дээ. Очоод үзэцгээ.
Бас хашаа болгон худагтай, усалгаатай. Хашаагаар нь дүүрэн тахиа, гахай, өөр юу ч юм. “Деревня”-ий оросуудын амьдралыг хэмнэлийг судлаад үзээрэй. Дэлгүүрээс зөвхөн гурил, давс, будаа, чүдэнзээ л авдаг.
Энэ 230 мянган монгол айл өрх бүгдээрээ хүнсний ногоо тариалагч, борлуулагч, бас тахиа гахайны жижиг аж ахуйтан болчих юм бол Улаанбаатарын байтугай нийт Монгол эх орны минь ХҮНСНИЙ ХАНГАМЖ дэлхийд цохдоод гараад ирэх юм биш үү? Гэр хорооллын монгол иргэн бүр, монгол өрх бүр ЭКО ХҮНСНИЙ ЭКСПОРТ руу гарцаагүй шилжинэ! Дэргэд чинь асар том зах зээл бэлэн зэлэн хүлээж байна! Гэр хорооллын улны иргэд шууд л төгрөгийн тэрбумтнууд болчих юм биш үү?
Нөгөө 230 мянган монгол айл өрхөө ийм болчхоосой гээд л ургуулан бодоод бичээд байна. Гэр хорооллын ашиг тус, аз жаргал гэж нэг юм заавал байх ёстой ёо доо. Түүнийг нь залхуу монголчууддаа мэдрүүлэх гэж л улиглаад байна. Орос “Деревня”-ы орос ах нар шигээ бол оо, хятад тариачдыг дуурайх албагүй. Ердөө “Алтангадас” чинь хойшоо заагаад байна. Дахин уриалъя. Хил даваад хар, Буриадад очоод үз дээ. Адгийн архичин буриад амины жижиг аж ахуйтай, ядаж самогоноо нэрээд, ногоогоо даршлаад, өндгөө идээд хэвтэж байгаа. Тэрийг нь л хуулбарлачих.
Цаашаагаа бас нэгэн бүтээлч санал. “Тэрбум мод”-той холбоотой. Нийслэл (аймаг сумд ялгаагүй) дэх, эргэн тойрны оршуулгын буяны газрууддаа “Нэг оршуулга – Нэг мод” хөтөлбөр хэрэгжүүлсэн сэн бол өдийд нов ногоон төгөл ой “Далан давхар”, “Алтан-Өлгий”, “Баруун Наран”-г хуччих ёстой байлаа гэж би ухаан суусан цагаасаа харамсан яваа нэгэн билээ. Ёстой харамсаад баршгүй. Одоо тэгэхлээр одоо “Тэрбум мод”-оо дэмжээд “Нэг оршуулга – Нэг мод” хөтөлбөр руу нэн даруй шилжье. Шууд хэрэгжүүлье! Ногоон төглийн бэлээхэн талбай байж байгаа юм биш үү? Оройтоогүй ээ! Үүнийг хотын Засаг дарга, ЗДТГ анхааралдаа авна уу!
Нийтэлсэн Д.Баярхүү