
Монгол улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны төлөөллүүд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллалаа. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа үйл ажиллагааг танилцуулан санал солилцлоо.

Мониторинг, үнэлгээний газрын дарга Д.Үүрийнтуяа:
Төр хувийн хэвшлийн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ. Тус системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахын зэрэгцээ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцыг харилцан уялдаатай, үйл ажиллагааны давхардлыг бууруулах, төрийн бодлогын үр дүнг илүү сайжруулах боломжтой болох юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага юм.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үндсэн чиг үүрэг нь:
- Үнэлгээ мониторинг хийх (Төрөөс иргэнд үзүүлж байгаа үйл ажиллагааны үнэлгээг хийнэ)
- Тандан судалгааны ажил хийх
- Учир шалтгаан юунаас үүссэнийг тогтоох
- Үүссэн шалтгаантай холбоотой хуулийн өөрчлөлтийг яамдтай хамтарч хийх
- Хяналт, шалгалтын нэгж ажиллуулна
- Хуулийн баг ажиллана
Ингэхдээ “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй хамтран ажиллаж, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан, хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдал болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж, санал өгч ажиллах юм.
Үр дүнд нь хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, монгол хүн эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломж бүрдэх юм.


