
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Орхон аймагт боллоо. Орхон аймгийн засаг даргын орлогч Б.Мөнхдалай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяар хийгдэж буй үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулж, орон нутгийн 200 гаруй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо.

Орхон аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд 89 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, дотоодын хүнсний хангамжаа өсгөжээ.
Ингэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, улаан буудай, төмс зэргийн дотоодын хүнсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байна.



Аймгийн хэмжээнд 1508 малчин, мал бүхий өрхөд 175,8 мянган толгой мал тоолуулсан нь хүн амын хэрэгцээт мах махан бүтээгдэхүүний 81,3 хувийг хангаж байна. Мөн аймаг, орон нутгийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, жил бүр 500-1000 айл өрхийг хамруулж байна.
Орхон аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хийж 87.4 хувийн хэрэгжилттэй байна.
- Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хүнд металлын үлдэгдэл, хоруу чанар өндөртэй нянгийн бохирдлыг хянах шинжилгээ хийх
- Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгөн тогтоох бүртгэлийг цахим системд шилжүүлэх
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг мэргэжлийн сургалтад хамруулах
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэшсэн ажилтан бэлтгэх
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймаг хөдөө аж ахуйг голчлон хөгжүүлж аж үйлдвэржилтийн бүс болохоор зорьж буй юм.



