
“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо /2025.08.25/-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн худалдаа нь Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчдэд Хятадын зах зээлд нэвтрэх бодит гарц болохын зэрэгцээ, хамгийн боломжит зардлаар, өндөр үр дүнтэй оролцоог хангаж чаддагаараа онцлог юм.

Монгол Улсаас хувийн хэвшлүүдийг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг үг хэлж, илтгэл танилцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын хамтаар баялаг бүтээгчдийн дуу хоолой болон ажиллаж байна.

Ц.Ганзориг нь “Хатаасан самар, жимс үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүнээр ажиллан, үйлдвэрлэгчдэдээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь олон талт туслалцаа үзүүлэхийн сацуу уул уурхайн бус экспортыг дэмжиж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Мөн БНХАУ-ын Нанкай Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийнхаа докторантурт суралцаж байгаа юм.

Монголын аж ахуйн нэгжүүд энэхүү экспод оролцохдоо дотоодын үйлдвэрлэлийг сурталчлах, шинэ зах зээлд нэвтрэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Экспод Монгол Улсын хүнс хөдөө аж ахуй, нэхмэл, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн болон гар урлалын үйлдвэрлэлийн салбарын 350 гаруй аж ахуйн нэгж, компани оролцож байгаа юм.
