
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 61 жилийн түүхт “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-ийн үйл ажиллагаа, сургалтын тогтолцоотой танилцлаа.
Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон салбарын төлөөллүүд ажиллалаа.
“Хүнс, технологийн цогцолбор сургууль”-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат багш Б.Барамсай тэднийг угтан авч сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн дадлагын орчин, суралцагчдын гаргасан мах, сүү, талх, нарийн боовны үзэсгэлэн зэрэгтэй танилцуулан, хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Анх 1965 онд Хүнсний үйлдвэрийн ТМС нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан уг сургууль өдгөө хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэдэг, хүнс технологийн салбарын гол тулгуур болсон байна.




Шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг явуулдаг.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаа явуулж буй 900 гаруй хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгжийг ажиллах хүч болон техникч, технологичоор ханган хувь нэмрээ оруулж байна.
Тус сургуулийн мах, сүү боловсруулах үйлдвэр, нарийн боовны цех Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуулийн “Үдийн хоол”, “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг.
Хүнсний үйлдвэрүүдэд аарцаар баяжуулсан бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулдаг арга хэмжээнд катерингийн үйлчилгээ үзүүлдэг юм.
Сургууль цаашид Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулан сургалтын орчин, шаталсан сургалтын тогтолцоо, агуулгаа улам сайжруулах зорилт тавьжээ.
Сургуулийг төгссөн 32,800 гаруй хүн мах, сүү, гурил, талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна.


Онолын мэдлэгийг олгохоос илүүтэйгээр практик чадварт түлхүү анхааран үндэсний үйлдвэрүүдэд суралцагч нараа дадлагажуулж ажлын байранд гарахад туршлагатай мэргэжилтэн бэлтгэдэг нь тэдний онцлог. Үйлдвэрлэлийн бодит орчинд мэргэжлийн ур чадвар эзэмшсэн суралцагч ажлын байранд шууд гарахад бэлэн, чадварлаг боловсон хүчин болон төгсдөг.
Мөн суралцагчийг ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хосмог сургалтыг хэрэгжүүлж үндэсний томоохон групп компаниудтай хамтран мах, махан бүтээгдэхүүн, тогооч, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн техникч мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж байна.
Дээрх сургалтад 120 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 33 нь төгсөн гарчээ.



