
Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдааныг 6 дугаар сарын 19-ний өдөр танхим болон цахимаар зохион байгуулахаар товлолоо.
Зөвлөлийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн бага ангийн 1-5 дугаар ангид нийт 11,400 сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Мөн орон нутгийн төсвийн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн дунд ангийн 6-9 дүгээр ангийн нийт 8790 сурагчид хэрэгжүүлж, өдөр бүр 180-200 гр сүү олгож байна.

“Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн дундаж илчлэгийг 500-610 ккал байхаар тооцоолж байгаа бөгөөд долоо хоногийн нэг өдөр цагаан хоолтой байхаар зохион байгуулж байна. Нэг хүүхдэд ногдох 2500 төгрөгийн өртөгт багтаан үндсэн таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тэнцвэртэй байдлаар олгохыг зорьж байгаа бөгөөд Зөвлөлийн гишүүдээс хоол үйлдвэрлэлийн чанар, мөн орчны ариутгал, халдваргүйтгэлд онцгойлон анхаарах шаардлагатай талаар санал хэллээ.
Зөвлөлийн гишүүдэд мөн Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах ажлын багийн хийсэн ажлын явц, аж ахуйн нэгжийн ээлжит тооллогын дүн, мөн аймгийн 2026 оны хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Орхон аймагт 2026 онд улсын төсвийн хөрөнгөөр 5, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар 9, аймгийн хөрөнгө оруулалтаар 118, Баян-Өндөр, Жаргалант сумын ОНХС-гийн хөрөнгөөр 69 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэрэгжихээр төлөвлөсөн байна. Эдгээрээс нийт 188 ажилд гэрээ байгуулж, 136 ажил хэрэгжиж эхэлсэн бол 26 ажил бүрэн дуусаж, 20 ажилд улсын комисс ажилласан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
