
Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн нийт 500 орчим сурагчийг эрүүл зөв хооллолт, халдварт өвчнөөс сэргийлэх зан үйлд сургах танхимын сургалтад хамрууллаа.
Сургалтаар “Эрүүл мэндэд тустай болон эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний ялгаа”, “Өглөөний цайны ач холбогдол”, “Ус тогтмол уухын ач холбогдол”, мөн “Томуу болон гарын ариун цэврийн зөв дадал” зэрэг сэдвийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгомжтой байдлаар зааж, эрүүл мэндийн боловсрол олгосон байна.
Энэ нь “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилттой уялдан хэрэгжиж байна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Давсны хэрэглээг бууруулах” аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 12 цэцэрлэг, сургууль болон сургуулийн дотуур байрны хоол үйлдвэрлэлд ашиглаж буй хүнсний давсны агууламжийг тодорхойлох зорилгоор дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хоол тэжээлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, давсны хэт хэрэглээнээс сэргийлэх зорилготой юм.

Ташрамд, улс орон даяар хэрэгжиж буй “Дархлаажуулалтын 10 хоног” үргэлжилж байна. Энэ хүрээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь товлолт дархлаажуулалт болохыг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна.
Тодруулбал, улаанбурхан нь халдварлах чадвар маш өндөр өвчин бөгөөд нэг өвчтэй хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн 90 хүртэлх хувь нь халдвар авах эрсдэлтэй гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлдэг. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд өвчний дэгдэлт богино хугацаанд өргөн хүрээг хамрах эрсдэлтэй.
Улаанбурхны эсрэг вакцин нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй арга бөгөөд нэг тунгийн дархлаажуулалт ойролцоогоор 93 хувь, хоёр тунгийн бүрэн дархлаажуулалт 97 орчим хувийн хамгаалалт үзүүлдэг болохыг судалгаанууд харуулж байна. Мөн дархлаажуулалтад хамрагдсанаар өвчний хүндрэл, нас баралтын эрсдэлийг эрс бууруулдаг байна.
Нэмж дурдахад, гараа тогтмол, зөв угаах дадал нь амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчний тархалтыг 30–40 хувь хүртэл бууруулах боломжтой гэж олон улсын эрүүл мэндийн зөвлөмжид дурдсан байдаг.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эх, асран хамгаалагчдад хандаж, хүүхдүүдээ товлолын дагуу дархлаажуулалтад бүрэн хамруулах, улаанбурхан болон бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, дархлаажуулалт нь халдварт өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах хамгийн найдвартай, нотолгоонд суурилсан арга хэвээр байгааг онцолж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
