
Аймгийн Засаг даргын захирамжаар байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг суманд 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна.
Төслийн хүрээнд ган, цөлжилтөд тэсвэртэй мод, бутлаг ургамлын суулгац тарьж, салхины нөлөөг бууруулах хамгаалалтын бүс бий болгож байгаа юм. Ажлыг “Хөвөнтөн ой” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тарилтын талбайн бэлтгэл, суулгац суулгах болон хамгаалалтын хашаа барих ажлыг бүрэн дуусгасан байна.
Одоогоор усалгаа, арчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд суулгацын ургалтыг тогтворжуулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Тус ойн зурвас нь салхины элэгдэл, элсний нүүдлийг сааруулах, хөрсний чийгийг хадгалах, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах зорилготой бөгөөд цаашид бүс нутгийн экологийн тэнцвэрийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн төслийн хэрэгжилтэд орон нутгийн иргэдийн оролцоог ханган, байнгын хяналт, арчилгааны ажлыг давхар зохион байгуулж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг
