
Толбо сумын 2 дугаар багийн нутагт хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд малын ногоон тэжээл тариалах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Тариалалтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд гурван трактор, мэргэжлийн тракторын жолооч нар ажиллаж байна. Мөн 2 дугаар багийн иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 80 хувьтай байна.
Эхний ээлжид тариалсан талбайн ургамал хөрснөөс жигд соёолж эхэлсэн нь тариалалтын ажил агротехникийн шаардлагын дагуу хэвийн явж байна.
Тариалалтын явцтай Толбо сумын удирдлагууд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нурбулан болон холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь танилцлаа. Тэд тариалалтын төлөвлөгөөний хэрэгжилт, технологийн мөрдөлтөд хяналт тавьж, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чиглэл өгчээ.
Энэхүү төслийн хүрээнд хэрэгжиж буй тариалалт нь малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайжруулах, орон нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг
