
Хиймэл оюун ухаан буюу AI технологи дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт өргөн нэвтэрч, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг бууруулах, нөөцийг илүү үр ашигтай ашиглахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын байгууллагуудын үзэж буйгаар хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг сорилтыг даван туулахад дэвшилтэт технологи зайлшгүй шаардлагатай болжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын мэдээлснээр дэлхийн хүнсний эрэлт 2050 он гэхэд өнөөгийн түвшнээс ойролцоогоор 50 хувиар өсөх төлөвтэй байна. Иймээс бага нөөцөөр илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ арга технологи эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан энэ өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болж байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан системүүд хиймэл дагуулын зураг, дрон, хөрсний мэдрэгч, цаг уурын мэдээллийг нэгтгэн боловсруулж, тариалангийн талбайн нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд үнэлэх боломжийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд фермерүүд хөрсний чийг, ургамлын шим тэжээлийн хэрэгцээ, өвчин, хортон шавжийн эрсдэлийг эрт илрүүлж, зөвхөн шаардлагатай хэсэгт усалгаа, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээ авах боломжтой болжээ. Дэлхийн томоохон технологийн компаниуд болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид AI-д суурилсан трактор, автомат жолоодлогын систем, робот техник, компьютер харааны технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
Жишээлбэл, камертай хиймэл оюун ухааны систем нь хог ургамлыг таримал ургамлаас ялган таньж, зөвхөн шаардлагатай хэсэгт гербицид цацдаг болсон нь химийн бодисын хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжийг бий болгожээ.

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан технологийг өргөн ашигласнаар ус, бордоо, эрчим хүчний хэрэглээг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн нөөцийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж онцолжээ.
Гэсэн хэдий ч шинжээчид AI технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, интернетийн хүртээмж, өндөр чанартай өгөгдөл, мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай. Ялангуяа хөгжиж буй орнуудын жижиг фермерүүдийн хувьд ийм технологид хүрэх боломж харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна.
Ирэх жилүүдэд хиймэл оюун ухаан нь зөвхөн тариалан төдийгүй мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, ложистик, хүнсний боловсруулалт зэрэг салбарын бүх үе шатанд илүү өргөн ашиглагдах төлөвтэй байна. Олон улсын байгууллагууд AI технологийг хариуцлагатай, ил тод, тогтвортой байдлаар ашиглах нь дэлхийн хүнсний тогтолцоог илүү үр ашигтай, уян хатан болгох чухал алхам болно гэж үзэж байна.
Эх сурвалж: https://www.fao.org/, Home | John Deere US, The Organisation for Economic Co-operation and Development | OECD
