
Дундговь аймагт малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж байна.
Аймгийн Статистикийн хэлтсийн долоодугаар сарын мэдээллээр, нэг килограмм хонины мах 22,500 төгрөг, үхрийн мах 33,000 төгрөг, ямааны мах 17,000 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх саруудтай харьцуулахад тогтвортой түвшинд хадгалагдаж байна.
Үндэсний их баяр наадам болон зуны амралтын улиралд хүнсний хэрэглээ эрс нэмэгддэг ч малын нөөц хангалттай, зах зээлийн нийлүүлэлт хэвийн байгаа нь махны үнийг тогтвортой байлгахад голлон нөлөөлж буйг салбарынхан онцолж байна.
Дундговь аймаг 2025 оны жилийн эцсийн урьдчилсан мал тооллогоор 3 сая 547.7 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс 1.64 сая нь хонь, 1.55 сая нь ямаа, 189.1 мянга нь адуу, 108.2 мянга нь үхэр, 48.0 мянга нь тэмээ байгаа нь тус аймаг мал аж ахуйн үйлдвэрлэлээр улсын тэргүүлэх бүсүүдийн нэг хэвээр байгааг харуулж байна.
Дундговийн говь, хээрийн бэлчээрт ургадаг таана, хөмүүл, агь, бударгана зэрэг шимт ургамлаар тэжээгдсэн малын мах нь ширхэг нарийн, шөл амттай, өөх тосны зохистой харьцаатай байдгаараа хэрэглэгчдийн үнэлгээг өндөр авч иржээ. Энэхүү онцлог нь говийн бүсийн бэлчээрийн ургамлын төрөл зүйл, шим тэжээлийн агууламжтай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.
Харин уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөгөөр бэлчээрийн ургамлын төрөл зүйл, гарц буурч, улмаар малын тарга хүч, ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бэлчээр судлалын доктор, профессор Д.Гүрбазар онцолжээ.
Тэрбээр, Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан байгаль орчны сэтгүүлчдийн сургалтын үеэр хэлэхдээ, цөлжилт хамгийн түрүүнд говийн бүсэд хүчтэй илэрдэг бөгөөд энэ нь мал аж ахуйг амьжиргааны үндсэн эх үүсвэрээ болгосон малчдын орлого, мах болон бусад малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шууд нөлөөлөх эрсдэлтэйг тэмдэглэсэн байна.
Иймээс бэлчээрийн даац, ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцоллоо.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
