
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр СОР17 бага хурлын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын гол чиглэлүүдийн хэрэгжилттэй танилцлаа.


Тэрээр Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хороонд ажиллаж байгаа бөгөөд төлөөлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, хоол, хүнсний хангамжийн бэлэн байдал, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандарт, үйлчилгээний чанар, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг шалгаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов.
Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хороо нь:
- СОР17 бага хурлын үеэр олон улсын төлөөлөгчдөд үзүүлэх хоол, хүнсний үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах
- Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх
- Үйлчилгээний байгууллагуудын бэлтгэл, зохион байгуулалт, чанарын хяналт, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурлыг энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус хуралд дэлхийн 190 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэх юм.
Бэлтгэл ажлын хүрээнд төлөөлөгчдийн хүлээн авалт, бүртгэл, байршуулалт, тээвэр, аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбоо, сайн дурын ажилтнуудын бэлтгэл, дагалдах арга хэмжээний зохион байгуулалт зэрэг ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм. Ажлын албанаас СОР17 бага хурлын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 97 хувийн гүйцэтгэлд хүрээд байгаа бөгөөд үлдсэн ажлуудыг батлагдсан хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.



Танилцах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр олон улсын энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үйлчилгээний чанарыг олон улсад харуулах чухал боломж болохыг онцоллоо.
СОР17 бага хурал нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, газрын доройтолтой тэмцэх бодлого, ногоон хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсын түвшинд сурталчлан таниулахаас гадна хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛЪЯ
