
“Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Тойром хэмээх газарт 100 малчин өрх хамтран 100 га талбайд ногоон тэжээл тариалжээ.
Тэд нийт талбайн 70 хувьд хошуу будаа, 20 хувьд улаан буудай, 10 хувьд судан өвс тариалсан байна. Одоогоор ургац хураалтад бэлтгэж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангажээ.
Малчид өөрсдөө тэжээлээ тариалж бэлтгэснээр өвөл, хаврын улиралд малдаа өгөх тэжээлийн нөөцтэй болохын зэрэгцээ бэлчээрийн ашиглалтыг багасгах боломж бүрдэж байна. Ялангуяа малын тоог бэлчээрийн даацтай уялдуулахад тэжээлийн нөөц чухал ач холбогдолтой юм.
Мөн 100 өрх нэг талбайд хамтран тариалалт хийсэн нь малчид хүчээ нэгтгэн үйлдвэрлэл эрхлэх боломжийг харуулж байна. Цаашид энэ хэлбэрээр хамтран ажиллах нь тэжээлийн хангамжийг сайжруулах, мал аж ахуйн зардлыг бууруулахад дэмжлэг болох юм.
Төслийн хүрээнд сумын удирдлагууд малчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тариалалт хийх талбай, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг ханган ажилласан байна. Мөн тариалалтыг тохиромжтой хугацаанд хийж, талбайг бүрэн хашаалжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
