
Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн малчин Чүлтэм, Одгэрэл нар өвөлжөөнийхөө ойролцоох 0.5-1 га талбайд эрдэнэ шиш тариалж, малын тэжээлээ өөрсдөө бэлтгэж байна.
Тэд 90 мянган төгрөгөөр эрдэнэ шишийн үр худалдан авч, бутлагч машин, зориулалтын сав бэлтгэн тариалалтаа эхлүүлсэн байна. Тариалсан эрдэнэ шиш нь нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд сайн ургаж, зохих хэмжээний ургац авчээ.
Ургамлыг бүхлээр нь хураан даршлах, мөн ногоон тэжээл болгон ашиглах боломжтой. Эрдэнэ шишийн тэжээл нь малын тэжээллэг чанарыг нэмэгдүүлж, үхрийн сүүний гарц, тарга хүчийг дэмждэг байна.
Малчид туршилтын тариалалтдаа тулгуурлан эрдэнэ шишийн талбайгаа цаашид 2-3 га хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн малын тэжээлийн хэрэгцээгээ өөрийн аж ахуйгаас хангах энэ аргыг нутагшуулах сонирхолтой малчдад туршлагаасаа хуваалцах юм.
Ийнхүү орон нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон тэжээлийн ургамлыг тариалж, өвөлжилтийн бэлтгэлд ашиглах боломжийг Хангал сумын малчид өөрсдийн туршлагаар харуулжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
