
Сэлэнгэ аймаг үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг бөгөөд цаашид ургацын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бүтээгдэхүүний чанар, баталгаатай байдал, органик үйлдвэрлэлд анхаарч байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдол өгч байна.
“Сэлэнгийн алтан намар” үйл ажиллагааны хүрээнд “Төр, хоршооллын түншлэл” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 32 хоршооны 48 хоршоологч оролцлоо. Оролцогчид хоршооны салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж, бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх арга зам болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны 40-50 хувийг дангаараа үйлдвэрлэх зорилт тавьж, “Органик хүнс нийлүүлэгч аймаг” болохоо зарласан. Энэ зорилгын хүрээнд АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл аймгийн 14 суманд хэрэгжиж, хоршоологчдыг органик үйлдвэрлэлийн арга технологид сургахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ баталгаажуулах, зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Төслийн үр дүнд “Сэлэнгэ органик” шошгыг зах зээлд нэвтрүүлжээ. Мөн улсын хэмжээнд органик баталгаажуулалтад хамрагдсан үйлдвэрлэгчдийн 90 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн хоршоологчид байна. Энэ нь тус аймгийн газар тариалангийн салбар ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хариуцлагад анхаарч буйг харуулж байна.
Хоршоологчдын хувьд органик үйлдвэрлэл нь зөвхөн бүтээгдэхүүнээ шошготой болгож, баталгаажуулалт авахын нэр биш. Энэ нь хөрсөө хамгаалах, үйлдвэрлэлийн арга технологио сайжруулах, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахын зэрэгцээ хэрэглэгчийн ширээнд хүрэх хүнсний чанарыг хариуцах урт хугацааны үйл явц юм. Тиймээс хоршоодын хамтын ажиллагаа бэхжиж, үйлдвэрлэлээс борлуулалт хүртэлх тогтолцоо бүрдэхийн хэрээр “Сэлэнгэ органик” шошго нь аймгийн газар тариалангийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах брэнд болон хөгжих боломжтой юм.
Сэлэнгийн хоршоологчдын энэ хөдөлмөр нь орон нутгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ органик бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлэх, цаашлаад экспортын шинэ боломж нээхэд чиглэж байна.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн газар тариалангийн уламжлалт давуу тал органик үйлдвэрлэлээр баяжиж, хүнсний чанар, аюулгүй байдлыг тариалангийн талбайгаас эхлүүлэх шинэ хандлага бий болж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
