
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймаг малын гаралтай түүхий эдийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэл болон орон нутгийн брэндийг хөгжүүлэхэд анхаарч байна.
Тус аймагт нарийн ноолууртай “Завхан буурал” үүлдрийн ямаа, нарийн ноостой сартуул үүлдрийн хонийг цөм сүрэг болгон өсгөн үржүүлж, удмын санг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх үржил селекцийн ажил хийж байна. “Завхан буурал” ямааны ноолуурын голч 13.7-14.2 микрон байдаг нь тус үүлдрийн гол давуу тал юм.

Завхан буурал үүлдрийн ямаа
Малын түүхий эдийг орон нутагт боловсруулах чиглэлээр өрхийн болон жижиг үйлдвэрлэлүүд нэмэгдэж байна. Улиастай сумын “Жин жинст” хоршоо хонь, тэмээний ноосоор эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол Дөрвөлжин сумын Хомын талын малчид торомны ноосыг боловсруулан Францын үйлдвэрлэгчдэд нийлүүлж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргаж эхэлжээ.
Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Завханы 24 аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы хүрээнд тав орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, газар тариалан, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл 3143.9 га-д хүрч, өмнөх үеийнхээс 47.9 хувиар өссөн байна.
Мөн аймаг хүн амынхаа махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, мах боловсруулах үйлдвэрүүд 243.6 тонн мах боловсруулан, 1930 тонн мах экспортолжээ.

Орон нутгийн үйлдвэрлэгчид байгалийн болон малын гаралтай түүхий эдийг брэнд болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Мөнхөд мандаг” ХХК жилд 30-40 тонн байгалийн жимс боловсруулж, 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, найман төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Золзаяа “Завхан нутгийн экологийн цэвэр хүнсийг улсын хэмжээнд брэнд болгон хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих тогтолцоог өргөжүүлэх шаардлагатай”-г онцоллоо.
Мөн “Завхан баялаг” ХК 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмж, савлагааны шугамаа шинэчилж, гар ажиллагааг 40 хувиар бууруулан, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Завхан аймаг чанартай түүхий эд бэлтгэхээс эхлээд боловсруулах, брэнд бий болгох, зах зээлд нийлүүлэх хүртэлх нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар малчид, үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
