
Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй “Алтан намар-2026” арга хэмжээний хүрээнд “Шинэ ургацын хүнсний ногоогоор хоол урлах тогоочдын ур чадварын уралдаан”-ыг Сүхбаатар сумын Партизаны талбайд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан тус уралдаанаар орон нутгийн онцлогт тохирсон хоол, идээ ундааг бий болгох, шинэ ургацын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, тогоочдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьжээ.
Шинэ ургацын хүнсний ногоо нь улирлын онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодис, эслэгээр баялаг бөгөөд өдөр тутмын зөв зохистой хооллолтын чухал хэсэг болдог. Тиймээс Сэлэнгэ нутгийн хөрсөнд ургасан төмс, лууван, хүрэн манжин, байцаа зэрэг хүнсний ногоог уламжлалт болон орчин үеийн хоолны технологитой хослуулан, шим тэжээллэг, амт чанартай хоол болгон боловсруулах нь уралдааны нэг онцлог байлаа.
“Галын бурхад” тогоочдын холбоо ТББ-ын тэргүүн Д.Аззаяа шинэ ургацын хүнсний ногооны ач холбогдол, тогоочийн ур чадвар, орон нутгийн бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд түлхүү ашиглахын ач холбогдлыг онцоллоо.
Уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын тогооч төлөөлөн оролцож, шинэ ургацын хүнсний ногоог ашиглан хоол хийх ур чадвар, бүтээлч санаа, бүтээгдэхүүний боловсруулалт, амт чанараараа өрсөлдсөнөөс Ерөө сумын тогооч К.Түмэнжаргал тэргүүн байр эзэлж, ур чадвар, авьяас хөдөлмөрөө үнэлүүлэв.
Түүнчлэн “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаанд Ерөө сумаас зургаан хоршоо, 11 иргэн оролцож, орон нутагт үйлдвэрлэсэн хүнс, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцууллаа. Тус сумаас “Ерөө Бугант” хоршоо 26 нэр төрлийн бүтээгдэхүүнээр “Шилдэг хүнс үйлдвэрлэгч” хоршоогоор, “Бугант Цахир” хоршоо “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээний шилдэг” хоршоогоор тус тус шалгарлаа.
Ийнхүү “Алтан намар-2026” нь шинэ ургацын хүнсний ногоо, орон нутгийн үйлдвэрлэл, хоршооллын бүтээгдэхүүнийг сурталчлахаас гадна тэдгээрийг иргэдийн өдөр тутмын хэрэглээ, эрүүл зөв хооллолттой холбох, хүнсний салбарын ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
