
Орон нутгийн мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийг тооцоход шаардлагатай тоон мэдээллийн бэлэн байдал, чанар, хүртээмжийг үнэлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг дэмжих, мал аж ахуйн салбарын богино наст уур амьсгал бохирдуулагч бодисын ялгарлыг тооцоолох чадавхыг бэхжүүлэх” төсөл болон СКАЛА хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцоог сайжруулах зорилготой уулзалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон Статистикийн хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчид оролцов.
Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг олон улсын стандартад нийцсэн аргачлалаар тооцоход шаардлагатай анхдагч мэдээллийн бэлэн байдалд үнэлгээ хийв. Мөн жендэрээр ангилсан тоон мэдээллийг цахимаар цуглуулах, Мал аж ахуйн дэлхийн байгаль орчны үнэлгээний загварын (GLEAM) хэрэгслүүдийг ашиглахад оролцогч талуудын хүний нөөц болон техникийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн анхдагч тоон мэдээлэл цуглуулах асуумжийн загварыг орон нутгийн нөхцөл, мэдээллийн эх үүсвэртэй уялдуулан хянаж, сайжруулах зорилгоор оролцогч талуудын саналыг авч, мэдээллийг баталгаажуулав.
Энэхүү уулзалт нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг илүү бодитой, нарийвчлалтай тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Эх сурвалж: https://www.fao.org/
