
Баруун Номхон далайн бүс нутгийн улс орон, нутаг дэвсгэрүүд хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулдаг жил бүрийн IHR Exercise Crystal дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулж дуусгалаа. Энэхүү дадлага нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн хүрээнд улс орнууд нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед мэдээлэл солилцож, харилцан хэрхэн зохицуулалт хийх чадавхаа туршдаг.
2026 оны дадлага сургуулилт есдүгээр сарын 23, 24-нд зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн хувьд шувууны аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн хил дамнасан хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөл байдал гэсэн зохиомол хувилбарыг ашигласан байна. Үүний хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Олон улсын хүнсний аюулгүй байдлын эрх бүхий байгууллагуудын сүлжээ (INFOSAN)-ний механизмыг ашиглан хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явцыг туршжээ.
Дадлага сургуулилтад улс орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний холбоо барих цэгүүд (National IHR Focal Points) болон INFOSAN-ийн онцгой байдлын холбоо барих цэгүүд (INFOSAN Emergency Contact Points) хамтран оролцож, хүнсний аюулгүй байдлын хямралын үед хоёр сүлжээ хэрхэн уялдаа холбоотой ажиллах боломжтойг туршсан байна.
Энэхүү дадлага нь ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүсийн хорооны 2025 оны аравдугаар сард болсон 76 дугаар чуулганаар гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх нэг хэсэг болж байна. Тухайн үед Баруун Номхон далайн бүс нутаг нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг дэлхийд анх удаа баталсан бүс нутаг болсон юм.

Уг төлөвлөгөөнд Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, цаашид үүсэж болзошгүй нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалд бүс нутгийн хамтын бэлэн байдлыг дээшлүүлэх тэргүүлэх арга хэмжээг тодорхойлох үүргийг улс орнууд хүлээсэн. IHR Exercise Crystal зэрэг дадлага сургуулилт нь эдгээр үүрэг амлалтыг бодит нөхцөлд турших боломжийг бүрдүүлж байна.
IHR Exercise Crystal дадлага сургуулилтыг 2008 оноос хойш Баруун Номхон далайн бүс нутагт жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд өмнө нь шинэ төрлийн амьсгалын замын өвчин, цацрагийн осол, шинээр тархаж буй арбовирусын халдвар зэрэг олон төрлийн нөхцөл байдлыг загвар болгон ашиглаж байжээ.
Ийм төрлийн дадлага сургуулилт нь бодит хямралын үед шаардлагатай болох мэдээлэх, баталгаажуулах, зохицуулах үйл явцыг үндэсний болон бүс нутгийн түвшинд турших аюулгүй орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хямрал бодитоор нүүрлэсний дараа бус, түүнээс өмнө систем, төлөвлөгөө, байгууллагуудын хамтын ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг хангах зорилготой.
ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүсийн Онцгой байдлын асуудал хариуцсан захирал доктор Жина Саман бүс нутгийн онцгой байдлын бэлэн байдлыг хангахад тогтмол дадлага сургуулилт хийх нь чухал болохыг онцолжээ.
Тэрээр “Системийг тогтмол туршиж, онцгой нөхцөл байдалд бэлэн байлгах нь хүний амь насыг хамгаалахаас гадна нийгэм, эдийн засагт учрах хохирлыг бууруулдаг. Crystal зэрэг дадлага сургуулилт нь хил дамнасан зохицуулалт хэр үр дүнтэй байгааг шалгах, мэдээлэл хэр хурдан хүрч байгааг турших, бодит хямрал үүсэхээс өмнө системийн сул талыг илрүүлэх боломж олгодог” хэмээн тэмдэглэсэн байна.

IHR Exercise Crystal зэрэг дадлага сургуулилт нь хил дамнасан үйл ажиллагаанд оролцох ажиллах хүчний зохицуулалтыг шалгах, мэдээллийг шуурхай солилцох тогтолцоог боловсронгуй болгох, бодит хямрал үүсэхээс өмнө үйл ажиллагааны саад бэрхшээлийг илрүүлэх чухал арга хэрэгсэл болдог.
Энэ жилийн дадлага нь 2026 оны долдугаар сард Индонезийн Жакарта хотноо Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)-ны гишүүн орнуудтай хамтран зохион байгуулсан хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөлийн сургуулилтын үргэлжлэл болсон байна. Тухайн үед ASEAN-ийн 11 гишүүн орон хил дамнасан хүнсний бохирдлын зохиомол нөхцөл байдалд хамтарсан хариу арга хэмжээ авах үйл явцыг туршсан юм.
Харин IHR Exercise Crystal 2026 нь энэхүү бэлэн байдлын туршилтыг Баруун Номхон далайн бүс нутгийн хэмжээнд өргөжүүлжээ.
Дадлага сургуулилтад оролцсон Монгол Улсын төлөөлөгч, Эрүүл мэндийн яамны Үндэсний ОУЭМД-ийн зохицуулагч, доктор А.Батжаргал:
“Монгол Улс одоогоор INFOSAN-тай мэдээлэл солилцох үндэсний журмаа шинэчилж байна. Ингэснээр эрсдэлийн үнэлгээ хийх заавар, ямар тохиолдолд мэдээллийг бусад улс оронтой хуваалцах шаардлагатайг шийдвэрлэх шалгуур нь бүх талд тодорхой болох юм. Тиймээс энэхүү дадлага сургуулилт бидний хувьд цаг үеэ олсон, үр өгөөжтэй байлаа” хэмээн хэлжээ.
IHR Exercise Crystal нь улс орнуудын нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын ажиллах хүчийг хооронд нь холбож, харилцан уялдаатай ажиллах чадавхыг бүрдүүлэх зорилготой Дэлхийн эрүүл мэндийн онцгой байдлын корпус (GHEC) санаачилгын зорилтыг хэрэгжүүлэхэд мөн хувь нэмэр оруулж байна.
Энэ жилийн дадлага сургуулилтын үр дүн, зөвлөмжүүд нь улс орон, нутаг дэвсгэрүүдэд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний холбоо барих цэг болон INFOSAN-ийн онцгой байдлын холбоо барих цэгүүдийн чадавхыг цаашид бэхжүүлэхэд ашиглагдана.
Энэ нь халдварт өвчний дэгдэлт болон нийтийн эрүүл мэндийн бусад ноцтой эрсдэлийг өргөн хүрээний онцгой нөхцөл байдал болон даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилготой Ази, Номхон далайн эрүүл мэндийн аюулгүй байдлын үйл ажиллагааны хүрээ-ний хүрээнд хэрэгжүүлж буй бүс нутгийн бэлэн байдлын ажлуудыг мөн дэмжиж байна.
Эх сурвалж: https://www.who.int/
