
Архангай аймгийн малчин, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой “Архангай түншлэл–2026” үзэсгэлэн худалдаа 21 дэх жилдээ болж, 160 гаруй оролцогч 220 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ сарын 25, 26-нд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн урд талбайд болсон үзэсгэлэн худалдаанд малчин, тариаланч, аж ахуйн нэгж, иргэд оролцож, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд шууд танилцуулан борлуулжээ.
Энэ нь үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэх, борлуулалтын боломжоо өргөжүүлэхийн зэрэгцээ иргэдэд орон нутгийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанартай танилцаж, үйлдвэрлэгчээс шууд худалдан авах боломж бүрдүүлсэн байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг оролцогчдыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Шилдгийн шилдэг” Гран при шагналыг Ихтамир сумын “Үлэмж бадрах сүү” ХХК хүртэж, хоёр дахь удаагаа тус шагналын эзэн боллоо.
Харин сумдын идэвх, оролцоог үнэлэхэд Ихтамир, Өндөр-Улаан, Батцэнгэл сум тэргүүлсэн байна.
Өнгөрсөн онд тус үзэсгэлэн худалдаанд 215 оролцогч 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 230.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн бол энэ жил 160 гаруй оролцогч 220 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Ийнхүү “Архангай түншлэл” нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулж, борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ үйлдвэрлэгч, хэрэглэгчийн харилцааг өргөжүүлэн, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.














Эх сурвалж: Монцамэ агентлаг
