
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр “Арвижих фарм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тариалалтын явц болон цаашдын зорилгын талаар мэдээлэл солилцлоо.
“Арвижих фарм” ХХК энэ онд малын тэжээлийн зориулалтаар 500 га талбайд эрдэнэ шиш тариалжээ. Тус компани Ховд голоос 3700 метр суваг татан хиймэл нуур байгуулж, гадаргын усыг ашиглан дуслын усалгааны систем нэвтрүүлсэн байна.
Элс ихтэй хөрсөнд усалгаатай газар тариалан эрхэлж, эрдэнэ шиш амжилттай нутагшуулсан нь Ховд аймгийн газар тариалангийн салбарын шинэ туршлага болж байгаа юм.
Тус компани 2022 оноос тариалалт эрхэлж эхэлсэн бөгөөд жил бүр тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ жил эрдэнэ шишийн үр хураахаас гадна даршилсан хүчит тэжээл бэлтгэж, баруун бүсийн аймгуудын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн өдөрт 300 тонн үр хатаах хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байгаа талаар “Арвижих фарм” ХХК-ийн захирал Б.Нямдаваа танилцууллаа.
Тариалалт болон намрын ургац хураалтын хугацаанд тус компани 80-90 хүнийг түр ажлын байраар хангаж байна.
Ховд аймгийн тариаланчид жилд дунджаар 3200 орчим га талбайд тариалалт хийдэг. Цаашид тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, 10 мянган га-д хүргэх зорилтыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.
Ийнхүү малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхэд анхаарч байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
