
Завхан аймаг малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах зорилгоор 24 сумын малчдад 778 төлгөн хуц, 433 шүдлэн ухна буюу нийт 1321 хээлтүүлэгч нийлүүлж эхэлжээ.
Энэ талаар Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаагаас тодрууллаа.
1321 хуц, ухныг малчдад нийлүүлж эхэлсэн байна. Энэ ажлын гол зорилго юу вэ?
-Завхан аймаг малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үүлдэр угсаа, ашиг шим, сүргийн чанарыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн 24 сумын малчдад нийт 1321 хээлтүүлэгч нийлүүлж байгаа юм. Үүнээс 778 нь төлгөн хуц, 433 нь шүдлэн ухна байна. Мөн 50 хуцан хурга, 60 ухна ишиг нийлүүлж байна. Хээлтүүлэгчийг зөвхөн тоогоор нь тараах бус, тухайн сум, багийн бог малын тоо, малчин өрхийн тоо, хээлтэгч болон хээлтүүлэгчийн харьцаа зэрэг үзүүлэлтийг харгалзан олгож байна.
Завхан аймаг өмнө нь ч малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан. Энэ ажлын үргэлжлэл гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Завхан нутгийнхаа байгаль, цаг уурын онцлогт дасан зохицсон малын үүлдэр угсааг бий болгож, сайжруулж ирсэн. Тухайлбал Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа, Тэс үүлдрийн адуу нь үе үеийн малчдын хөдөлмөр, үржил селекцийн ажлын үр дүн юм. Мөн 2008-2012 оны орчим “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд бог малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Завхан аймагт 8000 орчим хуц, ухна нийлүүлж байсан. Энэ удаагийн ажил нь өмнөх ажлын үргэлжлэл төдийгүй малын чанарт анхаарсан үржил селекцийн бодлогыг шинэ шатанд үргэлжлүүлж байгаа ажил юм.

Завхан аймаг хэдий хэмжээний мал сүрэгтэй болсон бэ?
-2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Завхан аймаг 3.028 сая толгой малтай болсон. Тухайлбал, хонь 1.417 сая, ямаа 1.103 сая, адуу 263.2 мянга, үхэр 236.1 мянга, тэмээ 8.8 мянга байна. Нийт малын тоо өмнөх оноос 19.8 мянгаар буюу 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ малын тоо толгой өсөхөөс гадна нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн чанарыг сайжруулах нь цаашдын зорилт юм.
Харин хээлтүүлэгчийн хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ?
-2025 оны тооллогоор аймгийн хэмжээнд 22.286 хээлтүүлэгч мал тоологдсон. Үүнээс 5924 хуц, 4710 ухна байна. Тиймээс хээлтүүлэгчийн тооноос гадна чанар, үүлдэрлэг байдал, сүрэгт үзүүлэх генетикийн нөлөө чухал. Шинээр нийлүүлж байгаа хуц, ухныг цөм сүрэг болон тухайн үүлдэр, омгийн онцлогийг харгалзан сонгож байгаа нь энэ ажлын гол ач холбогдол юм.
Ямар үүлдрийн хуц, ухнаар сүргийг сайжруулах вэ?
-Энэ удаагийн ажлын хүрээнд Сартуул үүлдрийн хуц, Тэлмэний Нуур багийн хуц, Завхан Буурал үүлдрийн ямаа, Хөвсгөлийн Эрчимийн хар ухна зэрэг хээлтүүлэгчийг ашиглаж цөм сүргийг бүрдүүлж байна. Ингэснээр тухайн орон нутагт дасан зохицсон, ашиг шим сайтай хээлтүүлэгчийг сонгон үржүүлж, малын чанарыг үе шаттай сайжруулах юм.
Бог малаас гадна бод малын үржил селекцийн ажлыг хийж байгаа юу?
-Хийж байна. Энэ жил Адапт төсөл, Малын удмын сан болон ХХААЯ-тай хамтран 1000 орчим үхэрт мах, сүүний чиглэлийн зохиомол хээлтүүлэг хийсэн. Цаашид малчдын хүсэлт, орон нутгийн хэрэгцээнд үндэслэн зохиомол хээлтүүлгийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Мах, сүүний чиглэлийн зохиомол хээлтүүлэгт хамрагдах сонирхолтой малчид сумын Засаг дарга болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулан хүсэлтээ уламжилж болно.
Сарлагийн үүлдэр угсааг сайжруулах ажлыг эхлүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тодруулж хэлэхгүй юу?
-Сарлагийн үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах төслийг Их-Уул суманд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ-аас үржлийн зориулалттай сарлаг оруулахтай холбоотой олон улсын тендерт аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, ажил үргэлжилж байгаа. Төслийг ирэх онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна.
Тэгвэл Завханы малын үүлдэр угсааг сайжруулах бодлого зөвхөн хонь, ямаагаар хязгаарлагдахгүй байх нь ээ?
-Тийм ээ. Бог, бод малын генетик нөөцийг сайжруулах чиглэлд үе шаттай ажиллаж байна. Сартуул хонь, Завхан буурал ямаа зэрэг нутгийн үүлдэр, омгийн малыг хамгаалж, цөм сүргийг бэхжүүлэхийн зэрэгцээ үхэр, сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний үүлдэр угсааг сайжруулах ажилд анхаарна. Ирэх жил Завхан аймгийн тэмээний үүлдэр угсааг сайжруулах шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа.

Энэ ажлыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-1355 хуц, ухна нийлүүлж байгаа нь нэг удаагийн ажил биш. Ирэх жилээс энэ бодлогыг үргэлжлүүлэн, үе шаттай хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл малын тоо толгойг дангаар нь өсгөх бус, нэг малаас авах ашиг шим, малын чанар, үржлийн чадавхыг нэмэгдүүлэх юм. Завхан аймгийн хувьд мал аж ахуй эдийн засгийн чухал салбар хэвээр байгаа. Тиймээс малын үүлдэр угсааг сайжруулах, нутгийн үүлдэр, омгийн генетик нөөцийг хамгаалах, өндөр ашиг шимтэй малын тоог нэмэгдүүлэх ажлыг цаашид ч бодлогын түвшинд үргэлжлүүлнэ.
-Танд баярлалаа.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
